Дэлхийн хамгийн анхны хот түүх манай эриний өмнөх 5000 жилийн тэртээх Урукээс эхэлдэг. Археологчид энэ хотын туурийг ухаж үзэхэд нэг зүйл хамгаас их гайхашруулжээ. Юу гээч. Бүх байшин барилга хан ханаараа наалдчихсан байв. Эдийн засгийн хэмнэлт хийхийн тулд тарчигхан амьдралтай анхны хотын иргэд айлын нэг ханыг ч болтугай ашиглаж байшин байсан хэрэг л дээ. Залгаж барьсаар сүүлдээ анх байшин барьсан хүн гэртээ ч ороход бэрх болсон учраас байшин дээгүүр явдаг болжээ. Гэхдээ энэ туршлага Урукын иргэдэд нэгийг ухааруулсан юм. Тэр нь нийтийн эрх ашгийг дээдэлж, нэгдсэн хотын захиргааны дүрэм журамтайгаар л хөгжиж ёстойг. Гэр рүүгээ орохын тулд байшин руу авирч, дээгүүрээ харайлгаж явна гэхээр инээдтэй дүр зураг төсөөлөгдөж байгаа биз. Гэхдээ бидний амьдралаас хол зөрөх жишээ биш болохыг өнөөгийн гэр хорооллын дүр зураг бэлхэн батлан харуулна. Хөрш айлын нэг талын хашааг ашиглаж замбараагүй баригдсан гэр хорооллын зарим гудамжинд түргэн тусламж, галын машин орж чаддаггүй шүү дээ. Бид хамар хашааны систем, төлөвлөлтийн хэдэн мянган жилийн өмнөх алдааг давтсаар байна.

Ингэхэд бид яагаад хот болж амьдардаг юм бол? Мэдээж хүн их төвлөрсөн газар зах зээл нь томорч цэцэглэдэг. Үүнийг цар хүрээний эдийн засаг гэдэг. Цар хүрээ том тусмаа бизнес ашигтай, хөдөлмөрийн бүтээмж өндөрсөнө. Ингээд л эдийн засаг төрөлжиж эхэлдэг байна.

Нэг нь гутлыг, нөгөө нь талхаа хийх гэх мэтээр төрөлжиж хөдөлмөрийн бүтээмж нэмэгддэг. Хоттой холбогдох шалтгаан нь мэдээж хот байгуулалтаар дамжиж хөдөлмөрийн бүтээмж дээшилж, эдийн засаг дээшилж, улс орон хөгждөг. Тийм учраас л энэ ойлголтууд хотын эдийн засагт чухал ач холбогдолтой. Үүнийг тоонууд ч батлана. Дэлхийн ДНБ-ий 80 хувь нь хотод үйлдвэрлэгддэг. Монголд ч ялгаагүй. ДНБ-ий дийлэнхи нь Улаанбаатарт төвлөрч байна. 


Макро эдийн засаг, инфляци голдуу ярьж сонсдог монголчуудад хотын эдийн засаг тийм ч танил сэдэв биш. Яагаад гэвэл зөвхөн хотод хамаардаг, дэлхийн хаана ч давтагдахгүй сөрөг үзэгдлүүд бий. Өнөө л агаарын бохирдол, хог, түгжрэл, гэмт хэрэг гээд олон хүнийг дагасан асуудлууд. Мөн хотоо л дагаж байсан улс орны эдийн засаг дээшилдэг. Тийм ч учраас бизнес эрхлэгч нар их хот руу тэмүүлдэг.


Европ Америк, Хятадад хотжилт, Африк Монголд өрнөж байгаа хотжилтын хэв маяг тэс өөр. Европ Америк, Хятадад хөдөлмөрийн бүтээмжийг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх замаар хотжилт үүссэн түүхтэй. Өөрөөр хэлбэл 10 центнр ургац авдаг тариаланч трактор бусад техникийн хүчээр 5 дахин ч өсгөх боломж байгаа юм. Мэдээж ингэж зах зээлээс шахагдсан тариаланчид мөнгөтэй буюу төлбөрийн чадвартайгаар суурин газрыг барааджээ. Харин манайд болон Африкт бол эсрэгээрээ. Хөдөлмөрийн бүтээмж багатай газраас зугатаах маягаар хот чиглэсэн их урсгал бий болсон. Яг энэ процессоос болоод дараагийн хотжилтын асуудал бий болжээ.


Манайд хот төлөвлөлт тааруугаас их хотыг зорьсон иргэд дуртай газраа хашаа хатгаж эцэстээ өнөө л утаа, агаарын бохирдол гээд томоохон асуудлууд өрнөж байна. Харин Хятадад эсрэгээрээ. Тэд биднээс шал өөр буюу хэтэрхий их урьдчилан томоохон бүтээн байгуулалт хийж, орон сууцыг барьсан юм. Ямар ч түшиц, зах зээлийн түшицгүйгээр сүндэрлүүлсэн учраас хэн ч амьдраагүй, өдгөө Хятадад 65 сая орон сууц эзэнгүй орхигджээ. Сүнстэй хотууд ч гэж нэрлэдэг. Манайд хамгийн ойрхон жишээ нь Өвөрмонголын Ордос хот юм. Хэдэн зуун байшингууд тэнд эзнээ хүлээж, гарцаар нь ганц хоёрхон хүн гардаг нь гайхмаар шүү. Харахад том боловч амьдарч байгаа хүн нь сумын төвийн иргэдээс ч цөөн болов уу гэмээр. Туркууд, Латин Америкчууд бас энэ алдааг давтсан. Алдаа нь юунд байв?  Хүн хотод суурьшихдаа нэг  нэгний барьсан барилгад хөтлөгдөж эсвэл хөөгдөж очдоггүй. Харин хөдөлмөрийн бүтээмжийн эрэлд л гардаг. Ерөөсөө зах зээлийнхээ жам ёсонд нийцсэн арга хэлбэрийг ашиглахгүй, зах зээлийг “үл үзэгдэгч гар”-ыг ашиглахгүй л бол хотжилт гэдэг хэн нэгний хүслээр бий, цаасан дээрх сайн төлөвлөлтөөр хүмүүс хүчээр суурьшин бий болдоггүйг эндээс харж болно. Уул уурхайн орлого түшсэн бус газар үл хөдлөхийн үнэ цэн дээр тогтсон хотжилт хамгаас чухал.


Яаж ийгээд л ипотекийн зээлд орчихмоор байна гэсэн иргэдийн хүсэлт хүлээлт хангалттай их. Сүүлийн хэдэн саруудад Монголбанк ипотекийн зээлд чанга гарлахаар шийдсэн ч зээл гарсаар л байгаа. ОУВС-аас Монголбанкнаас ипотекийн зээлийг санхүүжүүлдэг арга барилаа гэж шаардаж зарим нэг поп улстөрчдийн эгдүүцлийг төрүүлээд авсан. Үүнийг ухаалгаар харвал зөв шийдэл. Яагаад гэвэл арилжааны банкууд хэзээ ч ипотекийн зээлд мөнгө гаргаж байгаагүй. Арилжааны банкаар дамжуулаад Монголбанк мөнгө л гаргаж ирсэн. Цаана нь Монголбанк төгрөг үйлдвэрлэж байна гэсэн үг. Тэр мөнгийг нь барилгын компаниуд авч доллар болгоод барилгын материал авдаг. Ингэж Монголбанк валютын нөөцөө ипотект зарсаар хүчгүйдэж байна. 

Энэ байдлаас болоод өнөөдөр 400 орчим орон сууц зарагдаагүй. Цаана нь баригдаагүй 30 орчим мянган орон сууц бий. Өнөөдөр орон авах эрэлд гарсан ч бэлэн мөнгөгүй иргэдэд ипотекийн зээл гаргах боломж төвбанканд хангалттай алга. 

Хүмүүс ипотекийн зээл авахдаа төлж дийлэхгүйд хүрвэл байраа зарчихна гэж тооцсон. Гэтэл орон сууцны үнэ унаад эхлэсэн. Ингэснээр зээл нь дарамт болж хувирав. Банкууд ч ялгаагүй, ипотекийн зээлээ төлж чадахгүй бол байрыг нь хураагаад авчихна гэж тооцов. Гэтэл хурааж авах байрны үнэ өгсөн зээлээс нь доогуур болчихсон. Ингэхээр банкууд ч бас гарцгүйдэж байгаа юм.  Америкт энэ үйл явц 2005 онд болсон. Хөрөнгө оруулалтын эцэг гэгддэг Уоррен Баффет ипотекийг “Үй олноор нь хөнөөх зэвсэг” гээд аль хэдийн нэрлэсэн шалтгаан нь ч энэ.