Монгол, Казахстаны бизнес форум БНКазУ-ын нийслэл Нур-Султан хотноо эхэллээ. Тус форумд Монгол, Казахстаны 300 орчим бизнес эрхлэгч, албаны төлөөлөгчид оролцож буй. 

Тус улсад айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол, Казахстаны бизнес форумд оролцож, үг хэлэв.

Ерөнхий сайдын хэлсэн үгээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

1. Өнө эртнээс хаяа дэрлэн оршиж ирсэн казах түмний өлгий нутаг, нүүдлийн соёл иргэншлийн өв уламжлалын баялаг түүхтэй, Монголчууд бидний ойр дотно түнш Казахстан Улсад Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 25 жилийн дараа айлчилж байгаадаа би ихээхэн баяртай байна. 

2. Уулзалт, яриа хэлэлцээ найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болж, Монгол, Казахстаны харилцааг бид цаашид шат ахиулан хөгжүүлэхээр тохиролцлоо. 

3. Монгол, Казахстаны харилцааг өргөжүүлэхэд иргэд хоорондын солилцоо, нэн ялангуяа бизнес эрхлэгчид Та бүхний хамтын ажиллагаа нэн чухал үүрэгтэй. 

4. Монгол Улсын эдийн засаг өсөлттэй байгаа хэдий ч уул уурхайн салбараас хэт хамааралтай, эмзэг хэвээр байна. Иймд бид эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, уул уурхайн салбараас гадна бусад салбарын үйл ажиллагааг бодлогоор дэмжиж, хөрөнгө оруулалтын илүү таатай нөхцлийг бүрдүүлэхийг зорьж байна. 

5. 1990-ээд онд Монгол, Казахстаны худалдааны хэмжээ 75 сая ам.долларт хүрч байсан бол өнөөдөр бараа эргэлт хоёр дахин бага байна. 

6. Худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг дорвитой өсгөхөд бизнес эрхлэгчид Та бүхний хүчин чармайлт, хамтын ажиллагаа туйлын чухал юм. Та бүгдийн хүчин чармайлтыг Монгол Улсын төр засаг бүхий л талаар дэмжин ажиллах болно гэдгийг энд цохон тэмдэглэе. 

7. Хоёр орны эдийн засаг, бизнесийн харилцааг шинэ түвшинд гаргахын тулд уул уурхай, хүнсний үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалан, газрын тос, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал зэрэг олон салбаруудад байгаа нөөц боломжийг хамтран ашиглах нь зүйтэй гэж үзэж байна. 

8. Энэ оны 6 дугаар сараас Казахстаны иргэний агаарын тээврийн “СКАТ” компани Нур-Султан - Улаанбаатарын хооронд тогтмол нислэг үйлдэж эхэллээ. Түүнчлэн, Монгол Улсын агаарын тээврийн “Хүннү Айр” компани Улаанбаатар-Алмата чиглэлд шууд нислэг хийхээр төлөвлөж байна. 

9. Эрчимжсэн мал аж ахуй, мах үйлдвэрлэлийн чиглэлээр Казахстанд хэрэгжүүлж байгаа сайн туршлагаас судалж, Монголд хамтран ажиллах боломжийг бүрэн дүүрэн ашиглах нь зүйтэй. 

10. Дэвшилтэт технологи, инноваци нэвтрүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаанд онцгой анхаарч, хоёр улсын төр, засгийн түвшинд дэмжин ажиллах шаардлагатай гэж үзэж байна. 

11. Хамтын ажиллагааны тодорхой түвшинд хүрээд байгаа “Алт цэвэршүүлэх үйлдвэр”-ийн төслийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэхэд хоёр талын холбогдох байгууллагууд эрчимтэй ажиллаж, бодит үр дүн гаргах нь чухал байна.