УИХ-ын даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 199 дүгээр захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Ард нийтийн санал асуулга явуулах тухай асуудлаар зөвшилцөх,  судлах ажлын хэсэг өчигдөр хуралдав.

Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ахалж, ажлын хэсгийн дэд ахлагчаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа, гишүүдээр УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дэд дарга, АН-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал ажиллаж байгаа юм.  

Ажлын хэсгийн өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд АН-аас ирүүлсэн гурван саналаас Монгол Улсын Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг байх саналыг зарчмын хувьд зүйтэй гэж үзэж дэмжсэн байна. 

Харин бусад саналыг нээлттэй үлдээж, цаашид намын бүлэг, зөвлөлөөр дахин ярилцсаны үндсэн дээр зөвшилцлийг үргэлжлүүлэхээр тохирчээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.