Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцруулах эсэхийг эцэслэн шийдэхээр НИТХ өнөөдөр ээлжит бусаар хуралдсан ч хуралдааныг хойшлууллаа.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн Засаг даргыг огцруулах саналаа НИТХ-ын дарга С.Амарсайханд хүргүүлсэн. Тиймээс өөрөө НИТХ-ын хуралдаанд ирж танилцуулга хийх ёстой гэсэн саналыг АН-ын бүлгээс гаргаж, Ерөнхий сайдыг ирэх хүртэл хуралдаанаас завсарлага авахыг хүслээ.

Ингэснээр ирэх мягмар гараг буюу 11 дүгээр сарын 27-ны 14.00 цагаас НИТХ дахин ээлжит бусаар хуралдаж, Хотын дарга С.Батболдыг огцруулах эсэхийг эцэслэн шийдэхээр боллоо. 

НИТХ-ын хуралдаан өнөө өглөө 09.00 цагт эхлэх товтой байсан ч төлөөлөгчдийн ирц бүрдээгүй учраас хуралдааныг үдээс хойш хуралдуулахаар болоод байсан юм.