Монголын Үндэсний телевиз анхны эфирээ цацсаны 50 жилийн ойн өдрийг тохиолдуулан МҮОНРТ-ээс зохион байгуулж буй 'Олон нийтийн телевизийн хөгжлийн чиг хандлага' сэдэвт олон улсын форум Корпорэйт Конвейшн төвд өнөөдөр болж байна.

Олон улсын форумд оролцогчдод зориулан илгээсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын илгээлтийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул уншиж сонордууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд:

“Олон улсын чуулганы хүндэт зочид төлөөлөгчид өө,

Эрхэм хүндэт телевизийн салбарын уран бүтээлчид ээ,

Дэлхий нийтээр олон нийтийн телевизийн өмнө тулгамдаж буй нийтлэг саад бэрхшээл болон ололт амжилт, цаашид телевизийн энэ салбарыг хэрхэн хөгжүүлэх талаар хэлэлцэхээр манай улсад хуран чуулж байгаа Та бүхэнд гүн талархал илэрхийлж, эртний түүхт Монголын сайхан оронд тухлан саатахыг хүсье.

Монгол Улсад телевизийн салбар үүсэж хөгжих эхлэлийг тавьж, 1967 оны 9 дүгээр сарын 27 буюу 50 жилийн өмнөх энэ өдөр эх орныхоо хөгжил дэвшлийн өнгө гэрлийг түгээж, ард түмнээ соён гэгээрүүлэх эрхэм үйлсийг эхлүүлэн, анхны эфирээ цацаж байсан Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн 50 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Монголын Үндэсний Олон нийтийн телевиз 50 жилийн ойгоо тэмдэглэлт баяр гэхээсээ илүүтэй ирээдүйн хөгжлийн мөчлөг хэмээн харж, алдсан оносноо дүгнэж цэгнэн, олон улсын жишгээс туршлага судалж, хөгжлийн чиг хандлагаа тодорхойлоход чиглүүлэн энэ хурлыг зохион байгуулж байгаад баяртай байна.

Тоталитар дэглэмийн үзэл суртлын хүчирхэг зэвсэг болж, нэг намын бодлого, суртлаар дагнадаг байсан Монгол телевизийн уран бүтээлчид 1990 оны ардчилсан өөрчлөлтөд мэдрэмжтэй хандаж, Ардчилсан хувьсгалын үйл явцыг үр хөврөлөөс нь өсөж бойжин хэлбэржих, хэрэгжих хүртэл түмэн олондоо мэдээлж ирсэн юм.

Ардчилсан өөрчлөлтүүд Монголын телевизийн салбарт ч тусгалаа олсны нэг чухал үр дүн нь 2005 онд Монголын Үндэсний Олон нийтийн телевизийг хуульчлан байгуулсан явдал байлаа. Эрх зүйн зохицуулалттай болсноор улс төр, төрийн оролцооноос ангид, иргэдийнхээ үзэл бодлын индэр болж, олон нийтийн оролцоог хангасан мэдээллийн хэрэгсэл бүрэлдэх, хөгжих нөхцөл тавигдсан юм.

Аль ч улсын ард түмний татвар, төрийн төсвөөс санхүүждэг Олон нийтийн телевиз байна гэдэг төр засаг хийгээд ард түмнийг холбосон шударгуу гүүр, шууд итгэлцүүр байхын нэр юм. Нэг талаас ард түмний санаа бодлын толь, хүсэл зоригийн илэрхийлэл, шударга үнэний дуу хоолой болохын зэрэгцээ нөгөө талаас олон нийтийн энэ эрх ашигт нийцсэн тэнцвэртэй, бодит, шуурхай мэдээллээр хангах үүрэг хүлээдэг. Энэ нь төр засаг ч олон нийтийн телевизийн дуу хоолойг дуугүй хүлээн зөвшөөрөх үндэс болдог билээ.

Тус форум орчин цагийн олон нийтийн телевизийн сэтгүүлзүйн салбарын өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон ач холбогдол, шийдэл гарц, үр дүнгээр баялаг болно гэж найдаж байна.

Монгол Улсын төр засгийн зүгээс өөрийн улсын олон нийтийн телевизийн олон нийтэд үйлчлэх, хараат бус мэдээллийн хэрэгсэл болох, дэлхийн хандлагыг нэвтрүүлэх, шинэчлэгдэн сайжрахын төлөөх эрэлхийлэл, зүтгэлийг бүхий л талаар дэмжих болно.

“Олон нийтийн телевизийн хөгжлийн чиг хандлага” олон улсын форумын үйл ажиллагаанд амжилт хүсье” гэжээ.

Олон улсын форумд Английн BBC, ХБНГУ-ын Douche Welle TV, Японы NHK, БНХАУ-ын CCTV, ОХУ-ын Russia Sputnik, Туркийн TRT TV, Украйны URTV зэрэг олон байгууллагын төлөөлөгчид оролцож байна.