Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий прокурорын газрынхантай уулзалт хийж байна. Тэрбээр албан тушаалтны хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, өргөсөн тангарагтаа үнэнч байхыг прокуроруудаас шаардлаа. Мөн тэрбээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой хэрэг дээр дорвитой ажилласангүй гэж зэмлэв. 

Ц.Элбогдоржийг шалгах баримт нь энд байна

"Би Ерөнхийлөгчийн хувиар бус иргэн хүнийхээ хувиар Таван толгойн ордын талаар хэдэн мэдээлэл өгье. Ард түмний өмчид байдаг Таван толгойн орд газрыг гэрээгээр халхавчлан 60 болон 40 жилээр сунгагдах нөхцөлтэйгээр үнэгүй өгөх оролдлого хийсэн. Энэ хэргийн талаарх баримтыг дурдая. 2015 онд дөрөвдүгээр сард Засгийн газар ийм гэрээ байгуулах гэж байсыг тухайн үеийн УИХ-ын удирдлага болон 40 гишүүн зогсоосон юм. Тэдний нэг нь би. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон Ц.Элбэгдорж гэдэг хүн энэ үйл ажиллагааг зохион байгуулсан. Ерөнхий сайд асан М.Энхсайханаар гардан гүйцэтгүүлсэн нь баримтаар нотлогдсон. Тиймээс энэ 176 хуудас баримтыг өгч байна. Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар ЖДҮХС-гаас хоёр жил дараалан зээл авсан нь тогтоогдсон. Өөрөө ч хүлээсэн. Өнөөдөр ямар ч хариуцлага хүлээлгүйгээр албан тушаалаа хашаад, одоо энд өөдөөс хараад сууж байна. Уг нь өргөдлөө өгч шалгуулаад буцаад ор гэж хэлсэн. Та хуулиа хар, Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Прокурорын тухай хуульд Улсын Ерөнхий прокурор болон түүний орлогчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч шийдвэрлэдэг юм байна. Тэгэхээр Ерөнхий прокурор та бид хоёрт ажил байгаа гэдгийг хууль сануулж байна. Ер нь ард түмэн шударга ёс нэхэж байгаагаас биш " 


60 тэрбумын асуудлыг дахин шалгах хэрэгтэй

60 тэрбумын хэрэгтэй холбогдсон гишүүний асуудлыг дахин УИХ-д оруулж ирэх хэрэгтэй байна. Тагнуулын Ерөнхий Газарт энэ хэрэг дахин шалгагдаж байгаа. Гэтэл энэ хэрэгт холбогдсон хүмүүс ажлаа хийгээд явж байна.Яг үнэндээ иргэд шударга ёс л нэхсэнээс хоол нэхээгүй шүү.

Хууль тогтоогчид хоёр тийшээ хараад суучихсан байгаа. УИХ-ын гишүүдийн олонхын саналаар УИХ-ын даргыг чөлөөлдөг болох хуулийн заалтыг аргагүйн эрхэнд санаачилсан. Хэлэлцэж эхэлсэн ч батлах эсэх нь тодорхойгүй байна. Яагаад гэвэл дараагийн дарга, дараагийн сайд хэн болох вэ гэдэг дээр л гацаагаад байгаа нь бүгдэд ил болсон. 


Ажил хийхээр гацаадаг жишиг тогтоод удлаа, эзэд нь МАНАН бүлэглэлийнхэн

Олон жил бид утааг ярьлаа, утаатай тэмцлээ, олон зуун тэрбум төгрөгийг утаанд зарлаа. Утаагүй зуух гэх мэт тодорхой эзэнтэй, үр дүнгүй ажлуудад зарцуулсан ажлын хариуцлагыг яагаад эргэж нэхэхгүй байна вэ. Зуух өөрөө өөрийгөө оруулж ирээд мөнгөө аваад явахгүй шүү дээ. Зарцуулсан мөнгийг нь харахаар хэдийнэ  утаагүй болчихоор тэгсэн хэрнээ үр дүнгүй, балгаар нь хэчнээн зуун хүүхэд өвдөж, олон зуун эхчүүд дутуу төрөлтөөр шаналж байна. Утаатай холбоотой баримтыг би энэ долоо хоногт хүлээлгэж өгнө. 

Урт хугацаатайтай үр дүнтэй төслийг бус утаагүй зуух, утаагүй бүрээс зэрэг хурдан хугацаанд мөнгө олох төслүүдийг зориудаар дэмжээд байна.

Хөгжлийн хөтөлбөрийг болохоор зориудаар унагааж зогсоодог. Энэ ажиллагаанд оролцсон прокурорууд одоо энд сууж байна. Хөгжлийн хөтөлбөр гэдэгт маш олон хөтөлбөр бий. Яагаад төмөр замыг гацаасныг, Сайншандын үйлдвэрийг эхлүүлэх гэж байтал тэнд ажиллаж байсан хүмүүсийг шоронд хийчихдэг, төмөр зам бариад нэг улсаас хараат бус болгох гээд УИХ-аар батлуулаад ажил хийх гэхээр түүн дээр нь эрүүгийн хэрэг үүсгээд мөн л шоронд суулгачихдаг. Дотооддоо хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэе гэтэл тэнд ажиллаж байсан залуучуудад эрүү үүсгээд шоронд суулгасан. Шинэ хөдөө төсөл хэрэгжүүлье гэхээр хоёрхон сумыг хэрэгжүүлээд бусад төслийг нь зогсоочихдог. Ийм жишиг тогтоод удаж байгаа. Үүнийг зохион байгуулаад байгаа хүмүүс нь МАНАН бүлэглэл юм. Энэ талаар би Монгол улсын прокурорууддаа хэлэхгүй бол өөр хэнд хэлэх юм.

Салхитын мөнгөний орд дээр нэлээн шуугиан дэгдээж байна. Энэ ордыг томоохон ордыг тэмдэглэсэн Монгол улсын газрын зураг дээрээс хайгаад олохгүй. Яагаад гэвэл зориудаар юм уу санамсаргүйгээр юм уу тэмдэглэгдээгүй.

Гэтэл улсын төсвөөр хайгуул хийж 1983 онд нөөц нь тогтоогдоод одоогийнхоор 500 сая доллартай тэнцэх мөнгөний орд юм. 2014 оноос хойш хүдрийн баяжмалыг зөөсөн.Хилийн цаана гаргаж боловсруулаад бидэнд зардаг.