УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.04/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх саналын томьёоллуудаар санал хураалт үргэлжлүүлэн явууллаа.

Төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалт буюу Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж өөрчлөн найруулах саналыг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Н.Оюундарь нар гарган, Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжжээ.

Энэхүү саналтай холбогдуулан үдээс өмнөх нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд санал хураалт явуулахад  хуралдаанд оролцсон гишүүдийн 92.2 хувь нь дэмжлээ.

Төслийн дээрх заалтыг “Ерөнхийлөгчөөр тавин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг Улсын Их Хурлын гишүүд болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хурлаас сонгоно. Ерөнхийлөгчийн сонгуулийн журмыг хуулиар тогтооно.” гэж өөрчлөх саналыг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат гаргасан байна. Энэхүү саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээгүй бөгөөд саналтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, ард түмэн 30 жилийн өмнө Ардчилсан парламентын засаглалыг сонгосон хэмээгээд ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч, ард түмнээс сонгогдсон УИХ-ын хоорондын үл ойлголцол олон жил бодит байдал болж, эрх мэдлийн хуваагдал бий болсноос ард түмэн хохирч байгаа учир Ардчилсан намын зүгээс Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх саналыг оруулж ирсэн хэмээн тайлбарласан. Харин хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх саналыг дэмжсэнгүй.

УИХ-ын нэр бүхий 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлэхдээ төслийн 3 дугаар зүйлийн 5 дахь заалт буюу Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно.” хэмээн өөрчлөн найруулахаар тусгасан бөгөөд энэ саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжлээ.

Мөн УИХ-ын нэр бүхий 62 гишүүн өргөн мэдүүлсэн төсөлдөө, төслийн 3 дугаар зүйлийн 6 дахь заалт буюу Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг “Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.” гэж өөрчлөн найруулахаар тусгасаныг хуралдаанд оролцсон гишүүдийн  86.4 хувь нь дэмжлээ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат төслийн дээрх хэсгийн “нам, эвсэлтэй зөвшилцөн” гэсний дараахь “олонхийг” гэснийг “олонхиороо” гэж өөрчлөх санал гаргасан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх энэ саналыг дэмжсэнгүй.

Төслийн 3 дугаар зүйлийн 6 дахь заалт буюу Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.” гэж өөрчлөн найруулах санал 86.4 хувийн саналаар дэмжигдсэн.

Төслийн 3 дугаар зүйлийн 7 дахь заалт буюу Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно.” гэж өөрчлөн найруулахаар УИХ-ын нэр бүхий 62 гишүүн өргөн мэдүүлсэн төсөлдөө тусгажээ.  

Энэ санал дэмжигдэн хэрэгжсэнээр Ерөнхий сайдыг огцруулчихаад дараагийн Ерөнхий сайдыг хайж эхэлдэг байдал үгүй болно хэмээн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тайлбарласан. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Энэ асуудлын эерэг, сөрөг талаас нь олон удаа ярьж, өргөн хэмжээний судалгаа хийгдсэнийг тэрбээр дурдаад, Ерөнхий сайдад хариуцлага тооцон огцруулах болбол дараагийн Ерөнхий сайдын нэр тодорхой болсон байх ёстой бөгөөд асуудалд иж бүрэн ханддаг болгох Үндсэн хуулийн чухал шинэчлэлийн нэг хэмээн онцолсон.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт дээрх саналыг УИХ дахь МАН-ын бүлэг дахин ярилцах шаардлага үүссэн учир санал хураалтыг хойшлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.  

Түүнчлэн төслийн 3 дугаар зүйлийн 7 дахь заалт буюу Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.” гэж өөрчлөн найруулах, төслийн 3 дугаар зүйлийн 8 дахь заалт буюу Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ.” гэж өөрчлөн найруулах, төслийн 3 дугаар зүйлийн 8 дахь заалт буюу Дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг “Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. 

Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.” гэж өөрчлөн найруулах саналууд дэмжигдсэн юм.