Цаг үеийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Хэвлэлийн төлөөлөгч О.Батханд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "Энэ сарын 20-нд Сүхбаатарын талбайд болсон жагсаалыг зохион байгуулж болзошгүй хүмүүст О.Батханд миний бие орсон байна. Би хариуцлагатай албан тушаал хашиж буй учир энэ мэдээлллийг хийж байна.

Эрүүгийн хуулийн 13.14-т зааснаар хүний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараах нь гэмт хэрэг юм. 

Тухайн өдрийн процессыг харахад Үнэн ба зөв намын тэргүүн А.Отгонбаатар Сүхбаатарын талбайд гэрийн халаад, таавчиктай ирж зогссон. Би түүнийг сошиалаар харснаас биш түүнтэй уулзаж, холбогдож байгаагүй. Мөн тухайн өдөр 2020 оны УИХ-ын сонгуулийн МАН-ын штабт "нөлөөлөгч"-өөр ажилласан иргэн н.Цэцэг дуу хоолойгоо хүргэж байсан. ХҮН-ын дарга Т.Доржханд төв талбайгаас лайв хийсэн. Л.Гүндалай, ЗОН-ын дарга н.Одманлай, АН-ын гишүүн н.Эрдэнэбаяр зэрэг хүмүүс байсан. Миний харж байгаагаар тус жагсаалд бүх намын төлөөлөл оролцсон. 

Тиймээс тус жагсаалд оролцсон хүмүүсийг өөрийн сэтгэлийн дуудлагаар ирсэн гэж харж байгаа. Ард түмэн ч тийм бодолтой байна. 

Энэ үйл ажиллагаанд Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын ямар ч оролцоо байхгүй. Би үүнийг батлан хэлж байна. Гэтэл илтэд гүтгэсэн мэдээлэл явж буй учир нэр төрөө сэргээлгэхээр би албан ёсоор шүүхэд хандаж байна. Мөн ТЕГ болон холбогдох хууль хүчний байгууллагуудад миний утасны ярианы хоёр өдөр биш, үүрэн телефоны опероторуудын боломж нь байдаг юм бол хоёр жилийн датаг минь сонсох эрхийг Монгол Улсын иргэний болон Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөллөгчийн хувьд албан ёсоор олгож байна.

Дахин хэлэхэд энэ үйл ажиллагаанд Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газар огт оролцоогүй. Ерөнхийлөгч өнөө өгөө намайг дуудаад "чиний нэр жагсаал зохион байгуулсан байж болзошгүй хүмүүсийн дунд байна" гэж хэлсэн учраас би хариуцлагатайгаар албан ёсоор мэдээлэл хийж байна" хэмээн мэдэгдлээ.