Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, “Улаанбаатар” фитнесс клубын тамирчин, олон улсын хэмжээний мастер Гамбагын Угалзцэцэгийг Монгол Улсын гавьяат тамирчин /МУГТ/ цолоор шагналаа.

Г.Угалзцэцэг нь бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 4 удаагийн, Азийн 3 удаагийн аварга болж, Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд гаргаж буй залуу тамирчин юм.

Тэрээр өнөөдөр Төрийн ордонд Ерөнхийлөгч Х.Баттулгаас шагналаа гардаж авсныхаа дараа "МУГТ цолыг хүртэж буйдаа үнэхээр их баяртай байна. Шагнал авна гэдгээ өчигдөр орой 5 цагийн үед мэдээд баярласандаа шоконд орсон. Намайг үргэлж хурцалж, дэмжиж байдаг Монголчууддаа баярлалаа. Цаашид илүү их хичээх болно. Дахиад олон удаа дэлхийн аварга болмоор байна" хэмээлээ.

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны 12-р сарын 27-ны өдөр зарлиг гаргаж, өнөөдөр Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн медалийг салбартаа түүчээлсэн хүмүүст хүртээлээ.