Энэ сэдвээр ярилцаж эхлэх үед нүүр будалттай холбоотой асуудлыг хөндөхгүйгээр өнгөрч болохгүй билээ. Арьсыг тэтгэж, гоо сайхан болгох нэмэлт бүтээгдэхүүний талаар ярих гэж байгаа тул юуны түрүүнд нүүр будалтын талаарх асуултуудыг нэг мөр ойлгомжтой болгох хэрэгтэй. 

АРЬСАА ҮГҮЙ ХИЙХ НАЙДВАРТАЙ АРГА БОЛ НҮҮР БУДАЛТЫН ХЯМД БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД АШИГЛАХ ЯВДАЛ ЮМ.

“Гоо сайхны салбарт гарч буй шинэ мэдээ, мэдээллийн хамгийн их шуугиан дэгдээдэг нь арьсыг гэрэлтсэн, эрүүл, залуу байлгахад тусалдаг витамин, эрдэс болон бусад бодисын талаарх мэдээнүүд байдаг” – WebMD

Бид бүхний санаж явах ёстой хамгийн чухал зүйл бол “зөвхөн нүүрээ будаж байж сайхан харагдана гэдэг бол өрөөсгөл ойлголт”. Нүүрээ будсанаар харин ч арьсандаа хор хөнөөл учруулж байх болзошгүй. Нүүр будалтын бүтээгдэхүүний найрлагад ордог дараах бодиснуудаас болгоомжлох хэрэгтэй: 

  • Coconut diethanolamide (болон бусад хөөсрүүлэгч бодиснууд )
  • Нөөшлөгчид (preservatives - formaldehyde, parabens, Quaternium)
  • Ланолин 
  • Аstringents (тоник гэх мэт)
  • Скраб болон хүчлүүд 

Нүүр будах бүтээгдэхүүн сонгохдоо үнэргүй (frangrance-free), харшил үүсгэгчгүй (hypoallergenic), арьсны нүх сүвийг бөглөдөггүй (non-comedogenic) эсэхийг харж сонголтоо хийгээрэй. Энэ шаардлагыг хангаж буй бүтээгдэхүүнүүд арьсанд хортой үйлчилгээ үзүүлэх нь бага, зарим үед хэт ягаан туяанаас хамгаалах сайн талтай байдаг. 


Одоо харин нэмэлт бүтээгдэхүүнүүд рүү оръё 

Арьсыг эрүүл байлгахад туслах 10 нэмэлт бүтээгдэхүүнийг танилцуулж байна: 

#1. Коэнзим Q10 (CoQ10)

Коэнзим Q10 нь арьсыг гэмтээж байдаг бохирдуулагч, хортой бодисууд гэх мэт чөлөөт радикалуудыг саармагжуулдаг маш хүчтэй антиоксидант юм. Улмаар арьсыг идэвхжүүлж, эсийг нөхөн сэргээж, нарны гэрэлд удаан өртсөнөөс шалтгаалсан фото-хөгшрөлтөөс хамгаалж байдаг. 

Хүний бие коэнзим Q10-ийг нийлэгжүүлдэг боловч нас нэмэх болон стресст өртөхийн хирээр бие махбодийн хэвийн үйл ажиллагаа алдагддаг аж. Эмчтэйгээ зөвлөлдөж коэнзим Q10-ийг нэмэлтээр хэрэглэх эсэхээ шийдээрэй. 


#2. С болон Е аминдэм

Фото-хөгшрөлтөөс хамгаалах гайхалтай антиоксидантууд бол С, Е аминдэмүүд юм. Эдгээр аминдэмүүд нь утаа, нарны гэрэл болон бохирдуулагч зэрэг чөлөөт радикалуудыг саармагжуулан үрчлээ үүсэхээс хамгаалж, нарны хорт туяанаас үүдэлтэй хор уршигаас арьсыг сэргийлж байдаг. Мөн Е аминдэм нь арьсанд чийгшил, тэжээл өгч, тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг аж. 

С аминдэм агуулагддаг хүнсний бүтээгдэхүүнүүд бол жүрж, лемон, брокколи болон бусад гүн ногоон өнгийн хүнсний ногоонууд байдаг. Харин Е аминдэм аспарагус ногоо, төрөл бүрийн самар, үр, олив болон наранцэцэгийн тосонд агуулагддаг байна. 


#3. А аминдэм 

А аминдэм бол арьсыг эрүүл байлгахад хамгийн их үүрэг гүйцэтгэдэг. Арьсны эдийн нөхөн төлжилтөд оролцдог тул А аминдэм нь батгашилт болон үрчлээг багасгах, псориаз буюу арьсны өвчтэй болохоос сэргийлж байдгийг судалгааны ажлуудын үр дүнгээс харж болно. 

А аминдэмийн эх үүсвэрүүд бол ногоон өнгийн хүнсний ногоо, улаан лооль, жимс, сүүн бүтээгдэхүүн, өндөг. 


#4. Селен 

Мөн л хүчтэй антиоксидант үйлчилгээтэй элемент. Селен нь арьсны эсүүдийг чөлөөт радикал болон бусад хортой бодисоос хамгаалдаг. Хүний бие селенийг нийлэгжүүлж чаддаггүй тул нэмэлтээр хэрэглэж байх нь чухал. Селен өндөг, буурцагны төрлийн үр жимс, самар, үр зэрэг бүтээгдэхүүнүүдэд агуулагдаж байдаг. 


#5. Зэс 

Пептид гэдэг нь эсийн төлжилтөд чухал үүрэг гүйцэтгэдэг өсөлтийн дааврууд юм. Харин зэс бол эдгээр даавруудаар баялаг бичил элемент. Зэсийн пептидууд нарны нөлөөгөөр гэмтсэн арьсны эсүүдийг хайж олон, төлжүүлж байдаг. Мөн хөгшрөлтийг удаашруулж, эсийн генезисийг идэвхжүүлж, арьсны өөхөн давхаргыг тэжээж өгдөг байна. 

Зэсээр баялаг бүтээгдэхүүнүүдэд авокадо, үхрийн элэг, хар шоколад, хатаасан чангаанз, газрын самар, гүнжидийн болон наранцэцэгийн үр, киноа зэрэг багтана.


#6. Биотин 

Биотин бол үс, хумсыг эрүүл байлгахад тусалдаг чухал элементүүдийн нэг. Биотин арьсыг чангалж, хамгаалдаг ба хумс хугарамтгай болох шинж тэмдгийг багасгах ач холбогдолтой гэдэг нь судалгаагаар нотлогдсон байдаг. 

Өндөг, самар, улаан мах болон үр тариа хэрэглэснээр биотины хэрэгцээгээ нөхөх боломжтой аж. 


#7. К аминдэм 

Америкийн Дерматологийн академийн сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны дүнгээс харахад К аминдэм нь нүдний доод зовхинд тогтдог хар хүрээг арилгах үйлчилгээ үзүүлдэг байна. Мөн арьс хөхрөх шинж тэмдэгийг багасгадаг аж. К аминдэмийг А аминдэмтэй хамт хэрэглэвэл илүү үр дүнтэй байдаг бөгөөд үрчлээг багасгахад мэдэгдэхүйц үйлчилгээ үзүүлж байжээ. 

К аминдэмийг аспарагус, нэрс, ногоон навчит ургамал ногоо, өргөст хэмх, хулууны үр зэргээс авч болно. 


#8. Цинк 

Цинкийг арьсны төрөл бүрийн асуудлын үед хэрэглэж болдог. Цинкийг нэмэлтээр хэрэглэснээр батгашилтыг эмчилж, арьсны эмгэг, тууралтыг эдгээж болно. Мөн херпес, арьсны шархны үед үүссэн шинж тэмдэгийг арилгахад тустай. 

Цинк өндөг, буурцагны төрлийн үр жимс, самар, шар буурцагт агуулагддаг. 


#9. Өөх тосны хүчил 

Орегоны Их сургуулийн хийсэн судалгаанаас үзэхэд өөх тосны хүчлүүд нь арьсны хамгаалалт, бүтцийн бүрэн бүтэн байдалд чухал нөлөөтэй. Түүнээс гадна, омега-3 болон омега-6 тосны хүчлүүд нь арьсыг хангалттай хэмжээний чийгшил авахад шаардлагатай байдаг. 

Омега-3, омега-6-г бие махбод нийлэгжүүлдэггүй тул нэмэлт бүтээгдэхүүнээс нөхөж авах хэрэгтэй гэж үздэг. Загас, маалингын үр, чиа үр, оливын тос, навчит ногоо, самар зэрэгт агуулагдаж байдаг. 


#10. Альфа-липоевын хүчил 

Альфа-липоевын хүчил нь хамгийн хүчтэй антиоксидант, хөгшрөлтийн эсрэг, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэгч бодис юм. Арьсны мембраныг зузаатгаснаар арьсыг илүү зөөлөн, эрүүл болгож байдаг. Мөн арьс хавдахыг багасгана. Альфа-липоевын хүчлийг тогтмол хэрэглэснээр арьс гэрэлтсэн, толигор болдог аж.