“Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн” шалгаруулах ажлыг өнөөдөр 13 дахь жилдээ зохион байгууллаа.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд НЗД-ын орлогч П.Баярхүү, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон Эрүүл мэндийг дэмжигч шилдэг байгууллага, өрх, иргэний төлөөллүүд оролцов.

Энэ үеэр НЗД-ын орлогч П.Баярхүү “Нийслэлчүүд бид “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого чиглэл”-ийг хэрэгжүүлэх талаар нэлээдгүй ажлыг хийж гүйцэтгэж байгаагийн нэгээхэн хэсэг нь “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн” шалгаруулан өргөмжлөх энэхүү ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ юм. 

2003 оноос эхлэн энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж  ирсэний үр дүнд 6-7 дахин өссөн байгаа нь манай нийслэлчүүдийн дунд эрүүл мэндээ дээдлэх талаар иргэдийн ухамсар дээшилж, эмчид биеэ даатгадаг сэтгэхүй тодорхой хэмжээнд өөрчлөгдсөнийг харуулж байгааг хэлэхэд талархууштай байна. 

Цаашид ч энэ тоо улам өсөн нэмэгдэж, үйл ажиллагаа нь тэлж, нийслэлээрээ “Эрүүл мэндийг дээдлэгч хот” болтлоо өргөжинө гэдэгт найдаж байна. Эрүүл мэндийг дэмжих үйлсэд та бүхний оролцоо цаашид улам бүр идэвхжинэ гэдэгт итгэж байна” хэмээлээ.

"Эрүүл мэндийг дэмжигч байгууллага"-аар өөрийн байгууллагадаа эрүүл мэндийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэн, хамт олныхоо ажиллах, сурах орчныг сайжруулах талаар идэвхи, зүтгэл, санаачлага гарган, архи, тамхигүй хамт олон болсон зэрэг 34 үзүүлэлтийг хангасан 9 байгууллагыг шалгаруулсан байна.

Харин “Эрүүл мэндээ дээдлэгч өрх”-ийг хоёр бүлэг, 12 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн бөгөөд энэ жилийн хувьд 15 өрх шалгарсан бол “Эрүүл мэндээ дээдлэгч иргэн”-ийг болзол журамд заасны дагуу эрүүл аж төрөх зан үйлийг амьдралдаа хэрэгжүүлж хэвшүүлсэн, эрүүл мэндийн мэдлэгээ бусадтай хуваалцдаг, аливаа хорт зуршлаас ангид байдаг гэх мэтчилэн 10 шалгуур үзүүлэлтээр дүгнэж 23 иргэнийг шалгаруулсан байна.

Ийнхүү 2017 оны байдлаар Нийслэлийн хэмжээнд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-97, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх”-178, “Эрүүл мэндээ дээдлэгч иргэн”-216 болж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.