Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмж олгохоор шийдвэрлээд буй юм. 

Үүн дотор цэцэрлэг, бага анги, тусгай боловсролын багш, сувилагч нарын цалинг 14-30 хувиар, соёл урлагийн салбарын ажилчдын цалинг 12.5 хувиар тус тус нэмж, ирэх 9 дүгээр сарын 1-нээс олгож эхлэхээр тогтсон.

Засгийн газрын дээрх шийдвэртэй холбоотойгоор Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд "Цалинг дээрх хэмжээгээр нэмж буй нь тоо, шийдвэр хоёроор ажилчдыг хуурах төдий зүйл болж байна. Цалинг 8 хувиар нэмэх нь тухайн жилийн инфляцийг л дөнгөж хаах төдий юм. Тиймээс  энэ нь цалин нэмсэн нэртэйгээр төрийн албан хаагчдын амыг таглах шийдвэр болсон тул бид цалин нэмүүлэх талаар цаашид үргэлжлүүлэн ажиллах болно" хэмээн мэдэгдлээ.

Засгийн газартай яаралтай гурван талт гэрээ хэлэлцээ хийх шаардлагатай байна хэмээв.