Хоёр тэс өөр орчинд өссөн хүүхдүүд ижил зан ааштай байх тохиолдол бий бол нэг гэрт өссөн хэр нь огт ижилгүй зан ааштай хүүхдүүд ч бий. Хэдий төдий чинээ хүндрэлтэй ч судлаачид тодорхой хэмжээний судалгаа явуулсан бөгөөд үр дүнд нь хүүхэд өсгөх арга барил дотроо хэд хуваагдаж, тэдгээр нь хүүхдийн зан авирт хэр зэрэг нөлөөлж байгаа талаар олж мэдсэн юм. Мөн зарим тохиолдолд тэдгээр нөлөө нь хүүхдийг нас бие гүйцсэн ч байж л байдаг гэжээ. 


Хүүхэд өсгөх 4 арга барил

1960 оны үед сэтгэл судлаач Диана Баумринд цэцэрлэгийн насны 100 гаруй хүүхдүүдийг хамарсан судалгаа явуулжээ. Тэрээр ажиглалтын арга, эцэг эхтэй нь ярилцлага өрнүүлэх арга болон бусад судалгааны аргуудаар дамжуулан хүүхэд өсгөх арга барилуудыг тогтоосон юм. 

Тэдгээр арга барилыг тогтоохдоо эцэг эхчүүдийн сахилга бат хэрхэн тогтоож байгаа аргачлал, хайраа илэрхийлж байгаа байдал, өсгөж буй орчин, харилцааны арга, хүүхдээсээ юу хүсэж хүлээж байгаа болон тэднийг хэрхэн хянаж байгаа зэрэгт нь тулгуурлажээ. 

Тэдгээр шалгууруудаас үндэслэн Диана хүүхэд өсгөх үндсэн 3 арга барил байдаг хэмээн тогтоогоод байсан бол сүүлд Маккоби, МАртин хэмээх хоёр судлаач нэгийг нэмж, 4 болгосон бөгөөд эдгээр арга барил нь тус бүрдээ хүүхдийн зан авирт өөр өөр үр нөлөөтэй хэмээжээ. 


Авторитар арга барил

Энэхүү арга барилаар хүүхэд өсгөж байгаа тохиолдолд эцэг эхчүүд хүүхдээ хатуу дэглэмтэй байлгадаг бөгөөд тэдгээр дэглэм, дүрэм журмыг нь яг таг дагахыг шаарддаг. Үл дагасан тохиолдолд шийтгэлтэй. Энэ төрлийн арга барилтай эцэг эхчүүд учир шалтгааныг нь огтоос тайлбарлалгүй шууд тулгадаг ба хэрэв хүүхэд яагаад гэж асуувал “Би тэгж хэлсэн учраас ингэ, тэг” хэмээн уцаарладаг.

Хэдийгээр эцэг эхчүүдийн зүгээс тэд маш өндөр шаардлагатай боловч яг хүүхэдтэйгээ тулж харьцахдаа асуудалтай бадаг. Тэд хүүхдүүдээ ямар ч алдаа гаргахгүй байхыг хүсдэг хэдий ч зааж зөвлөх тал дээр учир дутагдалтай. Алдаа гаргасан үед шийтгэл нэлээн хатуухан ирэх ч хүүхэд яг үнэндээ юу буруу хийгээд юуны улмаас шийтгүүлснээ ч мэдэхгүй өнгөрөх нь олонтаа.

Энэ төрлийн арга барилаар хүмүүжсэн хүүхдүүд ирээдүйд дуулгавартай, юмсыг чадварлаг гүйцэтгэдэг нэгэн болж төлөвшдөг ч хувь хүн талаасаа аз жаргал, нийгмийн идэвх, өөрийгөө үнэлэх үнэлэмж дутмаг байдаг. 


Эрх мэдэл бүхий арга барил

Авторитар эцэг эхчүүдийн адилаар энэ төрлийн эцэг эхчүүд дүрэм журам зохиож, хүүхдүүдээ тэдгээрийг мөрдөхийг хүсдэг. Гэхдээ авторитар эцэг эхчүүдтэй харьцуулахад илүү ардчилсан байх нь бий. 

Энэ төрлийн эцэг эхчүүд нь хүүхдүүдтэйгээ харьцах нь илүү эерэг бөгөөд тэдний асуултыг үл ойшоогоод байдаггүй. Тэд мэдээж хүүхдээсээ их зүйл хүлээдэг ч хайр халамжаар хангалуун, санал бодлоо хуваалцсан, тусламж дэмжлэг үзүүлсэн харилцааг бий болгож чаддаг. Үр хүүхэд нь тэдний хүсэж хүлээж байсан үр дүнд хүрч чадаагүй үед энэ төрлийн эцэг эхчүүд шийтгэхээс илүүтэй уучилж, илүү ихээр анхаарал халамж үзүүлдэг.

Энэ арга барилаар хүмүүжсэн хүүхдүүд аз жаргалтай, чадварлаг, амжилттай нэгэн болж хүмүүждэг.


Хүлцэнгүй арга барил

Бүхнийг зөвшөөрдөг буюу хүлцэнгүй эцэг эхчүүд үр хүүхдүүдээсээ их юм шаардаад байдаггүй. Тэд хүүхдээ ингэ тэг гэж тулгаад байдаггүйн зэрэгцээ бусад эцэг эхтэй харьцуулахад тэднээс хүсэж хүлээдэг юм ч цөөн аж. 

Энэ төрлийн эцэг эхчүүд ихэвчлэн эцэг эх гэхээс илүүтэй найз шиг нь байдаг.

Ирээдүйд хүүхэд аз жаргалаар дутмаг, өөрийгөө авч явах чадвар дорой нэгэн болж хүмүүждэг бөгөөд эрх мэдлийн асуудалтай байх ба сургуульд, хичээл номдоо тийм ч шамдамтгай биш байх нь бий.


Оролцоогүй арга барил

Сэтгэл судлаач Диана үндсэн 3 арга барил байдаг гэж тодорхойлсон ч сүүлд нэгээр нэмэгдсэн гэж байсан нь энэ юм. Хүүхдийг өөрийн оролцоогүйгээр өсгөх арга нь хэдэн шаардлага, бараг харилцаагүй байдал болоод хариуцлага хүлээхгүй байдлаар нөхцөлддөг. 

Энэ төрлийн эцэг эхчүүд хүүхдээ ердийн хэрэглээгээр дутаадаггүй ч тэдний амьдралаас арчигдсан байдаг. Тэд зөвхөн хоол хүнс, хувцас хэрэглэл, орон байрны асуудалд л санаа зовох бөгөөд хүүхэдтэйгээ ярилцаж, амьдралд нь заавар зөвлөгөө, чиглэл өгдөггүй. 

Энэ төрлийн арга барилд өссөн хүүхэд үх л талаараа дорой байдаг бөгөөд өөрийгөө удирдахдаа сул, өөрийгөө үнэлэх үнэлэмж хомс, үеийнхэнтэйгээ харьцуулахад өрсөлдөх чадвар муу байдаг байна.


Хүүхэд өсгөх арга барил нь хүн өөрөө ямар нөхцөлд, эцэг эхийн ямар оролцоотой орчинд өссөнөөс хамаарч байдаг бөгөөд дээрхээс үзвэл эрх мэдэл бүхий арга барил нь хамгийн шилдэг мэт боловч өөр олон хүчин зүйлс хүүхдийн зан авирт нөлөөлж байдгийг мартаж болохгүй. 


Эх сурвалж: Very Well Mind