Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр хятад төмстэй холбоотой мэдээлэл ихээхэн гарах болсон билээ. Төмсний үнийн талаарх мэдээллийг эндээс үзнэ үү Үүнтэй холбоотойгоор МХЕГ-ын экспорт импорт хилийн хорио цээрийн газрын улсын ахлагч байцаагч Э.Уланбаатараас хил гаалиар орж ирж байгаа төмс, хүнсний ногоонд хэрхэн хяналт тавьдаг талаар асууж тодруулсан юм.

-Импортоор хятад төмс орж ирж байгаа юу?

-Намар өдийд хятадаас орж ирэх төмс багасдаг. Гэхдээ орж ирсээр байгаа. Зөвхөн Барс худалдааны төв дээр гэхэд ойрын үед өдөрт 500 орчим тонн төмс орж ирж байна гэсэн мэдээ бий. 

-Импортоор орж ирж байгаа төмсөнд шинжилгээний хяналт хэр зэрэг байдаг вэ?

-Төмс хүнсний ногоо Алтанбулаг, Замын Үүд гэсэн хоёр том хилийн боомтоор орж ирж байна. Бүтээгдэхүүнийг Хятадаас орж ирэхэд л тухайн боомт дахь манай МХГ-ын нэгдсэн итгэмжлэгдсэн лаборторид шинжилдэг. Лаборторийн шалгуур стандартад нийцсэн тохиолдолд импортын дүгнэлт хийж улсын хилээр оруулдаг. Өмнө нь хи­лээр орж ирсэн хойно нь шинжилдэг байхад сайн, муу ямар нь мэдэгдэхгүй төмс их илэрдэг байсан.  Хил дээр шинжилдэг болсон учраас энэ төрлийн асуудал гарахаа больсон.

-Өнгөрсөн жил төмснөөс пестицид илрэх тохиолдол гарч байсан. Энэ жил ийм төрлийн бодис илэрсэн үү?

- Пестицид бол ургамлын хортон шавьж, өвчин үүсгэгчийг устгадаг бодис. Ургамалд тодорхой хэмжээнд байх ёстой.Зөвшөөрөгдсөн хэмжээнээс ихэдвэл хүний биед хор хөнөөл учруулдаг. Энэ жилийн хувьд импортын төмснөөс пестицид илрээгүй.  Пестицид гэхээс илүү зарим тохиолдолд шинэ ургацын төмснөөс нитратын хэмжээ өндөр гарах нь бий.

- Нитрат хүний биед ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Нитрат бол нэг төрлийн азотын бордоо. Ургамлаас гадагшлаагүй үед нь хоол хүнсэндээ хэрэглэвэл өвчин үүсгэдэг.

-Урд хөршөөс орж ирсэн төмснөөс нитрат болон пестицид илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Шаардлага стандарт хангаагүй тохиолдолд буцаах эсвэл устгах арга хэмжээ авдаг. Тухайлбал БНХАУ-аас илэрсэн улаан хачигтай будааг устгалд оруулж байсан. Энэ жилийн хувьд төмс хүнсний ногооноос элдэв бодис илрээгүй.


Нитрат гэж юу вэ?

Нитрат нь устөрөгч болон аммиакаас бүрдсэн HNO3 гэсэн химийн томъёотой азотын нэгдэл юм. Ургамалд хүчилтөрөгчийг нэмэгдүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Иймээс хөдөө аж ахуйд ургацыг нэмэгдүүлэх зорилгоор азотын бордоог өргөн хэрэглэдэг. Хүний биед их хэмжээгээр хуримтлагдвал эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг химийн бодисын нэг гэдгийг эрдэмтэд баталсан байдаг. Судалгаанаас үзэхэд нитратын төрлийн зуу гаруй нэгдлүүдийг судалсан бөгөөд бүгд хорт хавдар үүсгэдэг болох нь тогтоогджээ