Монгол бөхийн холбоо хоёр хуваагдан талцаж шүүхийн байгууллагаар яваад 16 жил болж байна. Уг асуудал дээр шүүхээр ямар шийдвэр гарахаас үл хамааран хоёр талын бөхийн холбооны төлөөлөгч нар болох дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар бөхчүүдийн түр зөвлөл байгуулжээ.

Тэд бөхийн өргөөг нээн ажиллуулах болсон талаараа албан ёсоор дуулгалаа. Мөн уг зөвлөл монгол бөхийн ёс жудаг, допингийн асуудлыг цэгцлэх тал дээр санал нэгдээд байгаа юм. Гэхдээ Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр Буянт-Ухаа спортын ордонд явагдах ажээ. Цагаан сар болон бусад төлөвлөгөөт барилдаанууд бөхийн өргөөнд болно гэв.


Дархан аварга Х.Баянмөнх: Бөхчүүд нь барилдах, олон түмэн нь бөхөө үзэх газаргүй байж болохгүй

Монгол бөхийн холбооны маргааны асуудал 16 жил шүүхийн байгууллагаар явж 2 ч удаа шүүхийн шийдвэр гарсан. Гэхдээ энэ бол зөвхөн холбооны асуудал. Үүнээс үл хамааран бөхчүүд өөрсдийн дэвжээ дээрээ барилдах ёстой. Бөхчүүд нь сахилга дэг журмыг сахиулах ёстой. 

Өнөөдөр гэхэд бөхчүүд маань барилдах газаргүй, зодог шуудгаа цүнхэндээ хийчихсэн явж байна. Бөх сонирхогч ард түмэн маань ч очих газаргүй болчихлоо. Ийм учраас 10 гаруй жил түрүүлсэн аварга, монгол бөхийн тэргүүн дээд цолыг авсан хүмүүсийн хувьд жудаг ёсоороо нэгдэж Монгол бөхийн өргөөг албан ёсоор нээж ажиллуулах тал дээр санал нэгдээд байна. Энэ бол аваргуудын хувьд бурхнаас заяагдсан үүрэг гэж боддог. 

Гэхдээ холбоо нэгдсэн гэсэн үг биш шүү. Тэр асуудал шүүх, хуулийн байгууллагаар л яваг. Бид өөрсдийн үзэл бодлоосоо ухраагүй. Би гэхэд Чинбатын холбоог хууль ёсны гэдэгтэй санал нэгдэж явдаг хүний нэг. Гол нь монгол бөхийн төлөө гэсэн сэтгэл дээр нэгдэж байна. Бөхийн өргөөнд хоёр ижил өрөө тохижуулаад хоёр холбооны удирдлагуудыг хамтад нь ажиллуулна. 

Шүүхээр аль байгууллага нь ялсан ч бөхчүүдийн найраа, допингийн асуудал, шударга бус явдлыг арилгах тал дээр бидэнтэй зохицож хамтран ажиллах ёстой. Өнөөдрөөс бөхийн өргөө бөхчүүдэд ч хоёр холбоодод ч нээлттэй болж байна. 


Дархан аварга Б.Бат-Эрдэнэ: Эрх биш эртнээс өвлөгдөж ирсэн ёс жудаг дээр бөхчүүд маань хүндэтгэж үзнэ

Би Баянаа аваргатайгаа энэ асуудлаар 3 нь ч удаа уулзаж ярилцаж бөхийнхөө төлөө алхам хийхээр шийдсэн. Энэ маань бөхчүүдийн түр зөвлөл байгуулж бөхийн өргөөгөө нээх юм. 

Ингэж бөхийн өргөөний үйл ажиллагааг үйл ажиллагааг нь жигдрүүлэх нь үндэсний эв нэгдлээ, олон түмний итгэлээ эрхэмлэсэн чухал зүйл. Эв эе, ёс жудгийг сахиулах нь ч монгол бөхийн дээд цолыг хүртсэн бид хоёрын хувьд үүрэг нь юм. 

Гэхдээ бөхчүүдийг бид зандраад үгэндээ оруулах гэж хүчлээд байгаа юм биш. Эрх биш эртнээс өвлөгдөж ирсэн ёс жудаг дээр бөхчүүд маань санал нэгдэх болов уу гэдэгт итгэж байна. Аль холбооны талд шийдвэр гарсан ч бай сайн менежер томилох ёстой гэдэг дээр бид хоёр санал нэгдсэн.

Олны ярьсан шиг бид хоёрт хэрэлдэж ноцолдсон зүйл байхгүй. Бөхчүүдийн хувьд ахмад үе, дээд цолтондоо хүндэтгэлгүй хандаж болохгүй. Угаасаа бид аав хүү, ах дүү шиг улс. Харин энэ будлиан дунд би хүндэтгэлгүй хандсан зүйл байх вий гэж үзээд өнөөдөр уучлал хүсье.

Шууд бичлэг