Эх сурвалж: National interest 

Төв Азийн төгсөшгүй үргэлжлэх тал газар, Сибирийн хөлдүү ойн хязгаарт Хятад,  Орос улс хил залгадаг. Евро-Азийн цээжин дэх өргөн дэлгэр газар нутагт бэхжиж буй хөрш хоёр хүчирхэг гүрний хамтын ажиллагаанд газар зүйн байршил, ашиг сонирхолын нийцэл түлхэц болж, баруунд эрх мэдлээ тогтоох, Зүүн Азийн хөрш орнуудын холбоог байгуулах суурийг цутгаж байна. 

“Хүйтэн дайн” дуусч, Зөвлөлт холбоот улс задарснаас хойш АНУ дэлхий дээрх цор ганц хүчирхэг гүрэн болсон юм. Хахуульд идэгдсэн, олигархиудаар дүүрсэн Орос, Тянь Ань Мэний талбайд болсон хядлагаас дөнгөж сэргэж буй ядуу Хятадын хажууд тасралтгүй өсөх хүчин чадлыг харсан зарим нь АНУ-ыг дэлхийн анхны хүчирхэг гүрэн хэмээн нэрлэсэн байдаг. 

Худалдан авах чадварын тэнцвэрээр (PPP) тооцогдсон дэлхийн ДНБ-ийн 60 хувийг дангаараа бүрдүүлэгч, аж үйлдвэржсэн Их Долоон орон дэлхийн үйлдвэрлэл, худалдааны салбарт давамгайлж байв. 

Европын Холбооны улсууд, Япон орон багтсан олон улсын хамтын ажиллагааны холбооны дэмжлэгтэй, АНУ тэргүүтэй барууны улс орнуудын манлайлал Евро-Ази тивийг бүсэлж, Номхон далай, Атлантикийн далайг дэлхийн худалдаа, арилжааны талбар болгон хувиргасан юм. 

Эсрэгээрээ Евро-Ази тивийн дотоод бүс нутгуудад ядуурал, хээл хахууль цэцэглэж, хөгжлөөрөө бусад улс орнуудаас хол хоцрогдсон байв. ОХУ, БНХАУ нар энэхүү ноёрхлын тэнхлэгт мөн адил түгжигдсэн байлаа. 

ОХУ-ыг хямрал, хаосын ёроолгүй ангалд унасан байх үеэр барууны орнууд Зүүн Европыг үргэлжлүүлэн эзэлж, Оросын эрх мэдэлд байсан НАТО, Европын холбоо гэх мэт хэд хэдэн байгууллагы гөөртөө элсүүлсэн юм. 

Тухайн үед дэлхийн худалдаа арилжааны салбарт дөнгөж нэвтэрч эхэлсэн Хятад улс Японы эдийн засгийн хүч, АНУ-ын зэвсэгт хүчнүүдээр тэтгэгдэж байжээ. 

Евро-Азийн цайз

Орос, Хятад  “Хүйтэн дайн”-аас хойш тогтсон дэлхийн хэв журамд хоёул сондгойрч үлдсэн учир ашиг, сонирхлоороо эвсэн нэгдэж эхлэв. Хятад улс Оросын хувьд бараа, бүтээгдэхүүнийг худалдаж авах зах зээл, барууны эзлэн түрэмгийлэлтэй тэмцэх найдвартай хамсаатан нь болсон бол Орос улс Хятадын хувьд сансрын технологи, зэр зэвсгийн үнэлж боломгүй эх үүсвэр юм.

Владимир Путин шиг хүчирхэг удирдагчийн удирдлаган дор ОХУ-ын улс төрийн байдал сэргэн мандаж, Хятад улс дэлхийн эдийн засагт чухал байр суурь эзлэх цагт харилцан ашигтай энэ түншлэлийн өргөн хүрээтэй стратеги нь дэлхий дахин дахь эрх мэдлийн тэнцвэрийг өөрсдийн тал руу хазайлгахад чиглэгдэж байна.

ОХУ газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд нэгдүгээрт, БНХАУ гуравдугаарт бичигддэг. Хоёр улсын газар нутгийн хэмжээг нийлүүлвэл 25 сая км2 гаруй талбайг эзэлнэ. Бүр тодруулж хэлбэл тэд Евро-Ази тив дэх хамгийн том эзэнт гүрнүүд юм. 

Хөрш хоёр орны хооронд тогтсон найрсаг харилцаа асар их хэмжээний нөөц бололцоог гаргаж ирснээс гадна газар зүйн таатай байршлаа ашиглан тивийн эрэг хавийн бүс нутгууд болох эдийн засгийн хувьд хүчирхэг ч газар нутгийн хувьд жижиг, АНУ-тай холбоотон улсуудад нөлөөлж эхлэв. Эдгээр улсуудад өөрсдийн нөлөөллөө тэлнэ гэдэг маш том хүч. Евро-Азийн аварга том, халдашгүй хэрэм цайз ийнхүү бэхжин хүчирхэгжсээр байна.

Дэлхий ертөнц 1990-ээд оны эхэн үеэсээ хамаагүй өөр болоод байна. Өдгөө дэлхийд хоёрдугаарт бичигддэг томоохон эдийн засагтай БНХАУ-ын өрсөлдөх чадвар нэгэн цагт барууны орнууд, Япон улсын тэргүүлж явсан салбаруудад өдрөөс өдөрт улам сайжирсаар байна.

Барууны либериал хэв журмыг авч хаяхыг хүсэгч националист үзэлтнүүдийн итгэл найдварыг олсон, барууны орнуудын сонгуульд нөлөөлсөн байж болзошгүй зэргээр сэрдэгдэж буй ОХУ одоо дэлхийн улс төрд эрх мэдлээ тогтоогоод эхэлчихлээ.

Энэ хооронд Дональд Трамп болон Европын холбоотон орнуудын хооронд үүсээд буй хурцадмал байдлаас болж АНУ дотроо хагаралдаж байна. 

Хаанаас нь ч харсан нэгэн цагт хэн бүхний хүлээн зөвшөөрч явсан барууны ноёрхол замхран алга болж байна.

Шинэ торгоны зам, шинэ хэв журам

БНХАУ-ын дарга Си Жин Пин тавдугаар сард болсон “Нэг бүс - нэг зам” санаачлагадаа 68 орны удирдагч, төлөөлөгчдийг урьсан билээ. Олон орны удирдагчид ирж чадаагүй ч энэ дээд хэмжээний уулзалт эдийн засгийн интеграци, хөрөнгө оруулалтыг ашиглан дэлхийд шинэ хэв журам тогтоох гэсэн Хятадын амбицийг тод харуулсан үйл явдал болсон юм. 

БНХАУ-ын манлайлал, ОХУ-ын хүчтэй дэмжлэг дор явагдаж буй “Бүс ба зам” санаачлага нь хил дамнасан хөрөнгө оруулалт, зээл тусламж үзүүлэх замаар хурдны зам, төмөр зам, усан боомт зэрэг асар том дэд бүтцийн байгууламжуудыг барих ажлыг багтаасан өргөн хүрээний хөгжлийн стратеги юм. Ихэнх хөрөнгө оруулалт Хятадын талаас хийгдэнэ. 

Эх сурвалж: CNBC 

“Бүс ба зам” санаачлагын эцсийн зорилго бол олон улсын худалдаа, эрх мэдлийн төвийг өөрт ашигтай байдлаар эргүүлэх. Үүний цаана Евро-Ази болон Африк тив дэх зах зээл, эдийн засгийн асар их нөөц бололцоог ашиглахын тулд хоёр тивийг бүхэлдээ хөгжин цэцэглэх боломжоор хангаж өгөх ёстой гэсэн том зорилго бий. 

Хэдэн арван жилийн турш хэдэн триллион юанийн санхүүжилт орох энэ стратеги  аж үйлдвэржсэн Америкийг дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай болсноос хойш тогтсон дэлхийн эрх мэдэлд хүрэх сайн арга гэдэгт эргэлзэх зүйл үгүй.

“Бүс ба зам” стратеги төлөвлөгөө хэрэгжвэл Евро-Азийн тал нутгаас эхлэн Африкийн Саванн хүртэлх нутгийн хэдэн тэрбум хүн амын амьдрал ойрын арван жилд хувьсан өөрчлөгдөнө. Ядууралд шигдэж, хөгжингүй ертөнцөөс тусгаарлагдсан олон олон хүн эцэстээ дэлхийн эдийн засгийн гол зангилаа болох юм. 

Ирээдүйд зөвхөн Хятад улс АНУ-ын эдийн засгийн хүчийг эсэргүүцэх бус,  Иран, Нигери, Пакистан зэрэг улсууд Япон, Герман, Их Британитай эдийн засгийн өрсөлдөөнд орох болно.

Евро-Ази тивийн зах хязгааргүй уудам нутагт сүлжилдэн үргэлжлэх худалдааны замууд явсаар Хятадад хүрнэ. Энэ нь мэдээж Хятад-Оросын хамтын ажиллагааны гол, цөм талбар болох юм. Тодруулж хэлбэл Евразийн халдашгүй цайз сүндэрлэх болно. 

АНУ тусгаарлалтыг тэвчихгүй

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Маттисийн хэлж буйгаар Америк бол хоёр агуу хүчинтэй онцгой улс. Нэг нь айлган сүрдүүлэх хүч буюу зэвсэгт хүчин, нөгөө нь урам зориг өгөх хүч буюу эдийн засаг, соёлын хүчин.

БНХАУ, ОХУ-ууд эрх мэдлийн эсрэг туйлт стратеги боловсруулж байгаа ч АНУ-ын хүчин чадлыг хэн ч үгүйсгэж чадахгүй. Тэд хоёул АНУ-тай найрсаг харилцаатай байхыг эрмэлзэнэ. 

Гэсэн хэдий ч Америкийн  хувьд давуу талаа ашиглах боломж хаагдсаар л байна. Иймд, АНУ шинэ зах зээлд нэвтрэхийн тулд, хамгийн гол нь дэлхий дээр тогтох шинэ хэв журмын цаана андеррайтер болж тусгаарлагдан хоцрохгүйн тулд  бүхий л эрх мэдэл, холбоотон хамсаатнуудаа ашиглан Хятад, Оростой хийх яриа хэлэлцээрээ үр дүнтэй болгох хэрэгтэй.

Эс бөгөөс Америк улс Хятад, Оросын бүтээх “Евро-Азийн цайз”-д нэвтэрч чадахгүйд хүрнэ.  


Эх сурвалж: Asia Times