Шинэ төрлийн зэвсэг бүтээх, тагнуул болон кибер аюулгүй байдлын салбарт боловсон хүчин бэлтгэхэд чиглэсэн 17 шинэ төслийг хэрэгжүүлэх шийдвэрийг Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнуудын Батлан хамгаалах сайд нар Брюссельд болсон Зөвлөлийн хурлын үеэр гаргажээ. Энэ тухай ЕХ-ны Зөвлөлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.

ЕХ-ны Байнгын зохион байгуулалттай хамтын ажиллагаа хөтөлбөрийн хүрээнд /“PESCO”/ их бууны удирдлагын шинэ систем, автомат шумбагч аппаратууд болон дроноос хамгаалах систем бүтээх, цохилтын нисдэг тэргүүдийг шинэчлэх төслийг хэрэгжүүлнэ гэж хэвлэлийн мэдээлэлд дурджээ.

Дээрх 17 төслөөс 5 нь батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт Европын мэргэжилтнүүдийн болон ЕХ-ны ажиллагаанд оролцох анги нэгтгэлийн бүрэлдэхүүний ур чадварыг дээшлүүлэхэд чиглэжээ. Мөн энд тагнуулын салбарт ЕХ болон НАТО-гийн гишүүн орнуудын цэргүүд, иргэдийг  бэлтгэх, сургах Тагнуулын хамтарсан сургууль “Joint EU Intelligence School, JEIS” байгуулах төсөл хэрэгжинэ. Энэ төслийг хэрэгжүүлэх улсууд бол Грек, Кипр юм.

“PESCO” хөтөлбөрийг 2017 оны 12 дугаар сард хэрэгжүүлж эхэлжээ. Уг хөтөлбөрт НАТО-гийн чадавхыг нэмэгдүүлэх ёстой ЕХ-ны цэргийн боломжийг хөгжүүлэх цуврал төслийг оруулсан байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS.ru