ВАШИНГТОН. /BBC/. Facebook компанийн бүтээгдэхүүн хариуцсан ахлах мэргэжилтэн Крис Кокс болон зурвас илгээх “WhatsApp” хавсралтын тэргүүн Крис Дэниелс нар ажлаа өгсөн гэж тус компанийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг мэдэгдэв.


К.Кокс “Facebook компани байгуулагдсанаас хойш нэг жилийн дараа буюу 2005 оноос тус компанид ажиллаж эхэлсэн бол К.Дэниелс өнгөрсөн онд албан тушаалдаа томилогджээ. Тэдний ажлаа өгөх болсон шалтгааны талаар тодорхой мэдээлэл гараагүй байна.


К.Дэниелсийн албыг “Facebook” нийгмийн сүлжээний гар утасны хавсралтыг хариуцдаг Уилл Каткарт үргэлжлүүлэн хаших ажээ. Харин бүтээгдэхүүн хариуцсан ахлах мэргэжилтний албанд хэнийг томилох талаар мэдээлээгүй байна.


Хувийн мэдээллийг хамгаалах үйлдлийн системийг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулна гэж М.Цукерберг мэдэгдсэнээс хэдхэн хоногийн дараа дээрх явдал болсон юм. Үүний зэрэгцээ энэ долоо хоногт “Facebook” болон үүний гол бүрэлдэхүүн болох “WhatsApp”, “Instagram” хавсралтад урьд өмнө тохиож байгаагүй ноцтой доголдол үүссэн билээ. Уг доголдол нь серверийн тохиргооны өөрчлөлттэй холбоотой байсныг компаниас мэдэгджээ.


Сүүлийн үед нийгмийн сүлжээний “Facebook” хавсралт нь хэрэглэгчдийн хувийн мэдээллийг алдах боломжтой бөгөөд сөрөг агуулга, буруу мэдээлэл бүхий контент агуулдаг гэх мэт шүүмжлэлд өртөх болсон юм.


Гэсэн хэдий ч дуулиант мэдээг үл харгалзан уг нийгмийн сүлжээг хэрэглэгчдийн тоо өссөөр байна. Сард наад зах нь нэг удаа өөрийн хаяг руугаа нэвтэрдэг хэрэглэгчдийн тоо өнгөрсөн онд 9 хувиар өсөж, 2.32 тэрбумд хүрсэн байна.


Харин Америк хэрэглэгчдийн тоо 2017 оноос хойш 15 саяаар буурсан гэж зах зээлийн судалгааны “Edison” фирмээс мэдээлжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг