БНХАУ-ын найруулагч Ху Чуаншань "Номун Ханы цуст тулаан" нэртэй кино зохиолд хамтран ажиллах саналыг Монголын "Фантастик" продакшны уран бүтээлчдэд тавьжээ.  "Фантастик" продакшн тус саналаас татгалзсан хариугаа монгол бичгээр бичин хүргүүлжээ.


Хариу хүргүүлэх тухай "Фантастик" продакшны тус албан бичигт:


Ху Чуаншань Танаа

2020 оны 10 дугаар сарын 20

Бид танаас ирүүлсэн "Номун Ханы цуст тулаан" кино зохиолтой танилцлаа. Манай мэргэжлийн түүхч, цэргийн түүхч нар Таны зохиолыг түүхийн үнэн, бодит үйл явдлыг гуйвуулсан гэсэн дүгнэлт ирүүлсэн. Хэдийгээр энэхүү зохиол нь уран сайхны киноны зохиол боловч бид Монгол Улс, үндэстний түүхийг гуйвуулах, соёлыг үгүйсгэх хандлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул таны зохиол, тавьсан саналаас татгалзаж байна.

Харин бид мэргэжлийн түүхч, цэргийн түүхчдийн мэдээлэл, зөвлөгөөнд тулгуурласан Халхын голын дайны талаарх өөрсдийн кино зохиолыг танд илгээж, хоёр тал тус кино зохиолыг танд илгээж, хоёр тал тус кино зохиолын агуулга дээр нарийвчлан ярилцаж, тохиролцох нь зүйтэй гэдэг саналыг дэвшүүлж байна.

1939 онд өрнөсөн Халхын голын дайн нь 20 дугаар зуунд болсон цэрэг, дайны өргөн цар хүрээтэй ажиллагаануудын нэг бөгөөд дайтагч талуудын зорилго, дайны явц, үр дүн нь тухайн үеийн бүс нутгийн цэрэг стратегийн нөхцөл байдлыг тодорхойлсон төдийгүй Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын түүхтэй холбогдох тул энэхүү түүхийн үйл явдлыг тусгасан кино зохиолд бид онцгой анхаарал хандуулсан болно.

Хүндэтгэсэн: Гүйцэтгэх захирал Б.Батсайхан" гэжээ.


Хариу хүргүүлэх тухай тус албан бичгийг хүргэж байна.