"Фэйсбүүк" хэрэглэдэг хүн бүхний болон олон нийтийн анхаарлыг татсан нэг асуудал нийгмийн сүлжээнд өрнөсөн нь Их Британийн “Cambridge Analytica” компанийг тойрсон дуулиан шуугиантай холбоотойгоор “Фэйсбүүк” компанийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай байв. Энэ тухай Калифорни муж улсын холбооны шүүхийн цахим мэдээллийн санд тавигдсан баримт бичигт дурджээ.

Нэхэмжлэлийг Фан Юан гэдэг хөрөнгө оруулагчийн нэрийн өмнөөс болон өмнө нь “Фэйсбүүк” компанид хөрөнгө оруулалт хийж, санхүүгийн алдагдал хүлээсэн байж болзошгүй бүх хүний нэрийн өмнөөс гаргажээ. 

Энэ асуудалтай холбоотойгоор сүүлийн гурван өдөр “Фэйсбүүк” компанийн хувьцааны үнэ 7-с илүү хувиар унаад байгаа талаар өмнө нь бид мэдээлсэн билээ.  

Уг нэхэмжлэлд “Фэйсбүүк” компани худал аль эсвэл төөрөгдөлд оруулсан мэдэгдэл хийсэн. Түүнчлэн хэрэглэгчийнх нь зөвшөөрөлгүйгээр хэдэн сая хүний хувийн мэдээлэлд нэвтрэх боломжийг гуравдагч талд олгосноороо хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой дүрмээ зөрчсөн” гэсэн байна. Мөн нэхэмжлэлд тус компани хөрөнгө оруулагчдад нөхөн төлбөр олгох тухай дурдсан хэдий ч нөхөн төлбөрийн хэмжээг заагаагүй байна. 

Тэгвэл энэ тухай “The New York Times” өмнө нь Их Британийн “Cambridge Analytica” компани “Фэйсбүүк” олон нийтийн сүлжээний 50 сая орчим хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж, сонгуульд ашигласан гэж мэдээлж байсан юм. 

Кэмбриж Аналитика компани нь фэйсбүүк хэрэглэгч хүн бүрийн санал өгсөн байдал, нас хүйс гээд хувийн мэдээллийг ашигладаг. Үүнийгээ сонгуульд хүртэл ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрчихсөн гэхэд болно. 

Энэ асуудал ч өнөөдөр нэг мөр батлагдлаа. Энэ тухай “Фэйсбүүк” нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукерберг компаниа улс төрийн зорилгоор ашиглаж, хэрэглэгчдийн нууц мэдээлэлийг задраасан ноцтой асуудал гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрсөн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. 

“Бид алдаа гаргасан гэхдээ л хийх зүйл их байгаа бөгөөд идэвхтэй ажиллаж тэдгээрийг хийж гүйцэтгэх шаардлагатай байна” гэж М.Цукерберг хэлжээ.

Тэрээр цааш нь "Манай компани алдаа дахин гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах болно" гэж батлан илэрхийлжээ.

Олон улсад төдийгүй фэйсбүүкийн найзуудын чинь нэг хүртэл таны хувийн мэдээлэл датаг тань хулгайлчих боломжтой гэдгийг анхааруулж хэлье. 

Үүнээс сэргийлэх аргууд

Олон жилийн өмнө татаж байгаад устгачихсан тоглоом, аппликейшнээр дамжуулж таны мэдээллийг авах бүрэн боломжтой. Магадгүй та ямар нэг тоглоом, сонжоо бөглөхдөө фэйсбүүкээрээ нэвтрэх сонголтыг хийчихсэн юм биш биз? Тэгвэл датагаа устгах дараах аргыг хүргэе.

  • Фэйсбүүк аппликейшнийхээ цэс (menu) рүү нэвтэр.
  • Доош нь гүйлгэ
  • Тохиргоо (Setting) гэсэн сонголтыг хий
  • “Account Settings”-руу ор
  • “Apps” дээр дар
  • “Logged in with Facebook” буюу фэйсбүүкээрээ нэвтрэн орсон зүйлсийн жагсаалт руу ор.

Ингэснээр таны фэйсбүүкээр ашиглан нэвтэрч орсон аппликейшнуудын жагсаалт гарч ирнэ. Та эдгээрийг устгах товчийг дарснаар асуудал шийдэгдлээ гэсэн үг. Мөн таны найзуудын хэрэглэдэг аппликейшн, датаг тань цааш нь дамжуулж байж болзошгүй. Тиймээс “Platform” гэсэн рүү ороод “No” гэснийг нь сонгоорой.

Одоо та хувийн мэдээллээ хамгаалж чадахаар боллоо.