Янн Мартел Пигийн амьдрал Философи, уран зохиол, адал явдлын сүлэлдээн болсон өвөрмөц сайхан зохиолын нэг. Бурханд хүрэх арга замууд янз бүр боловч зорилго нь нэг л юм. Хиндү, Будда, Христ, Аллах гээд аль нь ч байсан бурхантай хамт оршихыг хүссэн хүмүүн төрөлтний итгэл найдвар, хүсэл мөрөөдөл, сүсэг бишрэл дээр тогтож байдаг. 

Туйлын, цор ганц үнэн гэж үгүй, байх ч боломжгүй учир бурхныг янз бүрээр тайлбарлаж байгаа шашнуудыг хооронд нь зааглаж ялгах шаардлаггүй юм. Хүмүүс өөрсдийнхөө итгэл үнэмшлээр бурханд сүсэглэх ч бусдын бодлыг үл хүндэтгэн, зөвхөн өөрийнх нь туйлын цор ганц үнэн хэмээн боддогоос төөрөгдөл үүсч, хоорондоо зөрчилддөг байна. 

Ямар нэгэн хэлбэр дүрс, зураг барималаар бурханыг төлөөлүүлэх болсноор хүн өөрөө бурхнаасаа холдож, хиймэл хэв маяг, мухар сүсэгт гүн автжээ.

Уг нь хүний дотоод сэтгэлд бурхан өөрөө оршиж буй гэдгийг мэдрэх, ойлгох, ухаарах, сүсэглэх юм бол үнэнд ойртож байгаа нь тэр. Оршихуй нэг л эх үүсвэртэй учраас олон янзын бурхан байлаа ч цаанаа бол нэгдмэл нэг л эх сурвалж юм. Үүнийг Пи хүү мэдэрч чадсан. Амьтаны хүрээлэнгийн амьтадын ааш авир, сонирхол татах онцлогуудыг мөн ч уран гоё тайлбарласан байдаг. Амьтадын өнгө зүс, дуу авиа, хэлбэр галбир, харц, хөдөлгөөн, дохионууд бүгд тодорхой утга агуулгатай. Тэр чигтээ л гайхамшигт ертөнц! Үүнийг хошин, егөөтэй, сонирхолтой байдлаар дүрслэн үзүүлсэн зохиолчийн авьяас билиг, орчуулагчийн хүч хөдөлмөрийг шагшин магтахаас өөр аргагүй. Бодит түүхийг уран зохиолын хэлбэрт оруулахдаа тэр нь бодит түүхийн хүүрнэл үү, санаанаас зохиосон зүйл үү гэдгийг ялгах боломжгүй, хүнийг гайхан алмайруулах тийм л уран нарийн сүлжээсээр бичигдсэн онцлогтой зохиол юм. 

Номхон далайд аврах завьтай өнгөрүүлсэн хүнд хүчир, хүний ой тойнд багтамгүй бүхэл бүтээн долоон сар гээд бодохоор дотор арзайж, шар үс босно. Бенгалын хаан бартай хамт гэхээр хэлэх ч үг олдохгүй нь. Амьдрал гэдэг зах хязгааргүй далайтай адил. Төгсөх нь тодорхой ч тэр хугацаанд ямар зам туулах, юу тохиолдохыг хэн ч үл мэднэ. Бенгалын бар бол хүнийг ирлэж байдаг саад бэрхшээлийн дохио тэмдэг юм. Дэлхийн хамгийн хүчирхэг махчин араатантай завин дээр шидэгдээгүй, цор ганцаараа байсан бол Пи хүү уйтгарлаж, сэтгэлээр унан ус уруу үсрэх байсан биз. Пи хэрхэн яаж аврагдах тухай биш, хэрхэн барнаас амиа хамгаалах вэ гэдэгт төвлөрч байгаа учраас үйл явдал нь өрнүүн сонирхолтой болж байгаа юм. Бидний амьдралын харгуй А цэгээс Б цэг хүрэх ганцхан л хэрчим. Тэр л богинохон зайд бурхан биднийг сорьж үзэж байгаа юм шиг санагддаг. Амьд үлдэхийн төлөө цуцалтгүй тэмцэгч Пи хүүгийн тэсвэр тэвчээр, дотоод сэтгэлийн хүч нь түүнийг аварч байна.  

Бурхан бидэнд боломж, сорилт хоёрыг зэрэг өгч байна. Итгэл найдвар бөхөөгүй цагт бурхан бидэнд тусалсаар байх болно. Ямар нэгэн далдын ид шид бус итгэл үнэмшил л хүнийг аварна. Ийм л гаргалгаа байна.  Үлдэцтэй зохиол гэж байдаг. Олон залуус уншиж, амьдралын эрч хүч , урам зориг аваасай гэж хүсэх байна. Пи бол өөрийгөө ялахын ид хав, баяр бахдалыг мэдрүүлж чаддаг тийм л мундаг хүү дээ.