Аливаа мэдээллийг он цагийн дарааллын дагуу хадгалж, нэгэнт оруулсан тохиолдолд хэн ч, хэзээ ч өөрчлөх боломжгүй шинэ технологи болох блокчэйн нь мэдээллийн технологийн салбарт шинэ давалгаа үүсгээд байна. Энэ хүрээнд дэлхийн олон улсад блокчэйн технологид суурилсан программыг зохиож, нийгэм, эдийн засгийн салбарын тулгамдсан асуудлын шийдэл болно хэмээн үзэж буй билээ. 

Тухайлбал, блокчэйны хамгийн анхны амжилттай хэрэгжсэн программ гэж хэлж болох биткойн нь зах зээлд гараад 10 жил болж байгаа ч сүүлийн жилүүдэд дэлхийн нийтийн анхаарлыг татаж, мэдээллийн технологийн том компаниуд блокчэйныг судалж, туршсаар байна. 

Хямд, хурдтай, нууцлал өндөртэйгээр мэдээлэл солилцох боломж бүхий блокчэйн технологийг өнөөдөр дэлхий даяар 20 сая гаруй хүн ашиглаж буй. Энэ хүрээнд Дэлхийн эдийн засгийн форумаас 2025 он гэхэд хэрэгжиж биелсэн байх нийгэм, эдийн засгийн олон зорилтыг тодорхойлохдоо дэлхийн улс орнуудын Засгийн газрууд албан татвараа блокчейн технологи ашиглан хурааж авдаг болно хэмээн онцолсон билээ. Мөн дэлхийн нийт ДНБ-ий 10 хувийн мэдээллийг блокчейнд хадгалдаг болохоор зорьж байгаа юм.

Монголчууд бид ч дэлхийтэй ижил гарааны шугам дээр зогсож, технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байна.  Энэ хүрээнд блокчэйн технологийн хөгжлийг олон нийтэд таниулах, нийгэм, эдийн засгийн олон салбарт тулгамдаж буй асуудлыг блокчэйн технологиор дамжуулан шийдэх боломж, гарцийг эрэлхийлэх зорилготой  “UB UNCHAINED 2019” блокчэйн, криптовалютын олон улсын бага хурал ирэх сарын 12-нд Шангрила зочид буудалд болох гэж байна. 

Энэхүү олон улсын бага хурлыг Гадаад худалдаа, мэдээлэл технологийн чиглэлээр ажилладаг “Bit Mon Ex” компани, Блокчэйн дээр суурилсан платформ хөгжүүлэгч “FirstChain”, олон улсын блокчэйн дээр суурилсан арилжааны платформ “Bittrex” компанитай хамтран зохион байгуулна. Энэ хүрээнд хурлын илтгэгч, панелистуудаар Монгол улсын засгийн газар, хувийн хэвшлийн төлөөлөл болон блокчэйн мэргэжилтнүүд оролцож, “Финтекийн хөгжил болон хэрэглээ”, “Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд блокчэйнд суурилсан төлбөрийн системийн боломж” зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хийх гэж байна. Мөн “Дижитал шилжилт”, “Улаанбаатар хотод финтек болон блокчэйн нэвтрүүлэх боломж” сэдвээр илтгэл танилцуулах юм.