Ford компани электрон автомашинд оруулах хөрөнгө оруулалтаа ирэх таван жилийн хугацаанд 11 тэрбум доллароор нэмэгдүүлэхээ мэдэгдлээ. Энэ нь өмнөх зорилтоос хоёр дахин их хэмжээний хөрөнгө оруулалт юм. Компанийн ерөнхийлөгч Билл Форд 2022 он гэхэд хосолмол болон бүрэн цахилгаан хөдөлгүүртэй 40 төрлийн автомашин бүтээхээр зорьж буйг хэллээ. 

Улс орнууд автомашин үйлдвэрлэгчдийг агаарын бохирдол үүсгэдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхээ болихыг шаардаж эхэлсэн. General Motors, Toyota, Volkswagen тэргүүтэй компаниуд цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэх ажилдаа хэдийнэ орж, төлөвлөгөөгөө дэлгэсэн. 

Ноён Форд Детройтод болсон Авто үзэсгэлэнгийн үеэр одоо байгаа загваруудаа цахилгаан хөдөлгүүртэй болгох ажилд анхаарахаа цухас дурдсан юм. Тэрбээр “Цахилгаан хөдөлгүүртэй автомашиныг хэрэглэгчдийн дунд дэлгэрүүлэхийн тулд бид хэдийнэ алдартай болсон загваруудаа цахилгаан хөдөлгүүртэй болгоно” хэмээжээ. 

Энэхүү шинэчлэлд аль аль загвар хамрагдах нь одоогоор тодорхойгүй байгаа ч 2022 он гэхэд бүрэн цахилгаан хөдөлгүүртэй 16, хосолмол хөдөлгүүртэй 24 загварын машин гарах нь лавтай боллоо. Одоогийн байдлаар цахилгаан хөдөлгүүртэй автомашин зах зээлийн ердөө нэг хувийг эзэлж байна.