“Google” компани “Биедээ өмсөж, зүүж, авч явдаг технологи”-оо хөгжүүлэх зорилгоор “Fossil” компанийн ухаалаг бугуйн цагийн технологийг 40 сая ам.доллараар худалдан авахаар болжээ.

АНУ-ын гоёл чимэглэлийн бүтээгдэхүүний загвар зохион бүтээгч, үйлдвэрлэгч “Fossil” компани нь 1984 онд байгуулагдсан билээ. Тус компани нь ухаалаг бугуйн цагийн технологийн зохиогчийн эрхээ энэ сарын эцсээр “Google” компанид худалдах төлөвтэй байна.

“Google” компанийн “Wear OS” програм хангамжид суурилсан ухаалаг бугуй цаг нь “Apple” компанийн “iWatch” бүтээгдэхүүний гол өрсөлдөгч юм.

“Fossil” компанийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, ухаалаг бугуйн цаг нь тус компанийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүнүүдийн нэг болоод байгаа ажээ. 

“Google” компанитай хамтран ажилласнаар “Биедээ өмсөж, зүүж, авч явдаг технологи”-ийн салбарт ихээхэн хөгжил дэвшлийг авчрах болно” гэж “Fossil” компанийн дэд ерөнхийлөгч Грег Маккелви хэлжээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Xinhua