Кино болон телевизийн шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөрцөг” наадмын 76 дахь удаагийн шагнал гардуулах ёслол Лос Анжелес хотод өнгөрсөн ням гарагт эхэлжээ. 

Америкийн жүжигчин Майкл Дуглас энэ жилийн “Алтан бөмбөрцөг” наадмын шагналыг хамгийн эхэнд хүртжээ. Тэрбээр “Телевизийн цуврал, инээдэм, мюзикл киноны шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд “Алтан бөмбөрцөг”-ийн эзнээр тодорсон байна. Майкл Дуглас нь “The Kominsky Method” цувралын гол дүрийг бүтээжээ. Энэ төрөлд мөн “Тоглож байна” цувралд гол дүр бүтээсэн жүжигчин Жим Керри, “Америк гэж хэн бэ” цувралын гол дүрийн жүжигчин Саша Барон Коэн нар өрсөлдсөн байна.


"Шилдэг найруулагч"

Мексикийн найруулагч Альфонсо Куарон “Рома” киногоороо “Шилдэг найруулагч”-аар шалгарсан байна. Энэ төрөлд “Одод төрсөн нь” киноны найруулагч Брэдли Купер, “Ногоон ном”-ын найруулагч Питер Фаррелли, “BlacKkKlansman” киноны найруулагч Спайк Ли, “Эрх мэдэл” киноны найруулагч Адам Маккей нар өрсөлдсөн байна.


"Шилдэг драм кино"

“Алтан бөмбөрцөг” наамдын “Шилдэг драм кино” төрөлд найруулагч Брайн Сингерийн “Bohemian Rhapsody” кино шалгарсан байна. Найруулагч Райан Куглерийн “Хар ирвэс”, Спайк Лигийн “BlacKkKlansman”, Барри Женкинсийн “Хэрвээ Бил гудамж ярьдаг байсан бол”,  жүжигчийн Брэдли Куперийн найруулсан “Од төрсөн нь” кинонууд энэ төрөлд өрсөлдсөн байна.


“Драм киноны шилдэг эрэгтэй жүжигчин” 

“Драм киноны шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд “Bohemian Rhapsody” киноны гол дүрийг бүтээсэн Америкийн жүжигчин Рами Малек “Алтан бөмбөрцөг” шагналыг хүртжээ. Жүжигчийн Малекийн хувьд энэхүү шагналыг анх удаа хүртэж байгаа юм. Өмнө нь тэрбээр “Mr. Robot” цувралд бүтээсэн дүрээрээ энэ төрөлд нэр дэвшиж байжээ.


 “Драм киноны шилдэг эмэгтэй жүжигчин” 

“Эхнэр” кинонд бүтээсэн дүрээрээ Америкийн жүжигчин Гленн Клоуз “Драм киноны шилдэг эмэгтэй жүжигчин”-ээр шалгарсан байна. Клоуз өмнө нь энэхүү шагналыг 2 удаа хүртэж байжээ. Шведийн найруулагч Бьёрн Рунгегийн “Эхнэр” хэмээх тус  кинонд нэгэн гэр бүлийн хосуудын амаргүй харилцааг харуулдаг байна.

Энэ төрөлд дуучин Леди Гага (“Од төрсөн нь”), Австрали гаралтай Америк жүжигчин Николь Кидман (“Сүйтгэгч”), Их Британийн жүжигчин Розамунд Пайк (“Хувийн дайн”), Америкийн жүжигчин Мелисса Маккарти (“Та намайг уучлах болов уу?”) нар өрсөлдсөн байна.


“Шилдэг драм цуврал кино”

Энэ жилийн “Шилдэг драм цуврал кино” төрөлд АНУ-д ажиллаж буй зөвлөлтийн тагнуулчдын тухай өгүүлэх “Америкчууд” цуврал “Алтан бөмбөрцөг”-ийн эзнээр тодорчээ.

Харин “Шилдэг инээдэм болон мюзикл кино” төрөлд найруулагч Питер Фаррелийн “Ногоон ном” кино шалгарсан байна.


“Инээдэм болон мюзикл киноны шилдэг эрэгтэй жүжигчин” 

“Инээдэм болон мюзикл киноны шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд Их Британийн жүжигчин Кристиан Бэйл “Эрх мэдэл” (Vice) кинонд бүтээсэн дүрээрээ шагнал хүртжээ.


"Инээдэм болон мюзикл киноны шилдэг эмэгтэй жүжигчин" 

"Инээдэм болон мюзикл киноны шилдэг эмэгтэй жүжигчин" төрөлд “The Favourite” кинонд бүтээсэн дүрээрээ Их Британийн жүжигчин Оливия Колман шагнал хүртжээ.


“Шилдэг хүүхэлдэйн кино”

“Шилдэг хүүхэлдэйн кино” төрөлд “Хүн аалз: Аалзны ертөнц рүү” хүүхэлдэйн кино шалгарсан байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС