Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа тэргүүтэй төлөөлөгчид аравдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Эрхүү хотод ажлын айлчлал хийж байна.

Төлөөлөгчид энэ өдрүүдэд ОХУ-ын Эрхүүгийн улсын их сургуулийн 100 жилийн ойн арга хэмжээнд оролцохын хамтаар Эрхүү мужийн Засгийн газрын тэргүүний 1 дүгээр орлогч дарга В.Ю. Дорофеев, Эрхүү мужийн Боловсролын сайд В.В. Перегудова нартай уулзлаа. 

Уулзалтаар талууд Эрхүү мужийн их дээд сургуулиудын Монголын их дээд сургуулиудтай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны талаар санал солилцон цаашид хамтын ажиллагаагаа идэвхижүүлэн бэхжүүлэх зүйтэй гэдэгт санал нэгдсэн.

Түүнчлэн Боловсрол, соёл, шинжлэх, спортын сайд Байгалийн улсын их сургуульд суралцуулахаар 2018 оны наймдугаар сарын сүүлээр илгээсэн 10 оюутантайгаа уулзаж тэдний сургалтын талаар халуун дотно яриа өрнүүллээ. Одоогоор эдгээр оюутнууд тус яамны зардлаар орос хэлний бэлтгэлд суралцаж байгаа бөгөөд ирэх хичээлийн жилээс тусгай хэрэгцээт боловсролын нарийн мэргэжлээр үргэлжлүүлэн суралцах юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд оюутнууддаа хичээнгүйлэн суралцаж, сурсан мэдсэнээ тусгай хэрэгцээт сургуулиудын сургалтын чанарыг ахиулахад ихээхэн хувь нэмэр оруулах ирээдүйн боловсон хүчин болохыг захилаа гэж БСШУСЯ-наас мэдээллээ.