Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвөөс Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтын чиглэлд чингэлэгээр нүүрс тээвэрлэх үйл ажиллагааг өнөөдөр танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 320 дугаар тогтоолын дагуу нүүрс тээвэрлэлтийг Тавантолгойн уурхайгаас Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, энэ цэгээс Гашуунсухайт-Ганц мод боомт гэсэн чиглэлээр зохион байгуулж байгаа билээ.

Тавантолгой уурхайгаас ачсан нүүрсийг Цагаан хад гаалийн хяналтын бүсэд ачиж, буулгах явцад 70-80 тонн тутамд 80-85 килограмм нүүрс хорогддог. Харин чингэлэгт тээврийг эхлүүлснээр нүүрсний ачилт, буулгалтаас шалтгаалан байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл буурч, нүүрсний жингийн хорогдол болон чанарын алдагдал багасч, хил нэвтрэх хурд нэмэгдэх зэрэг олон давуу талтай гэдгийг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан энэ үеэр онцоллоо.

Харин “Нүүрсний чингэлэгт тээвэр”-ийг Энержи ресурс ХХК-ийн гэрээт “МCPL”ХХК зохион байгуулж эхэлсэн бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд оруулж ирсэн, чингэлэг тус бүр нь 32.5 тоннын багтаамжтай, 35 шинэ авто машинууд нүүрс тээвэрлэлтэд гарахад бэлэн болоод байна. 

Энэхүү автомашины нийт урт /толгойн хамт/ 36,5 метр бөгөөд чиргүүлийн багтаамжтай нийлээд нэг удаад 130 тонн ачааг тээвэрлэх хүчин чадалтай. 

Тээвэрлэлтийг чингэлгээр хийж эхэлснээр дээрх давуу талууд үүсэх ба тээвэрлэлтийн хэмжээ хоёр дахин нэмэгдэж, нүүрс экспортын хэмжээ 30 хувиар өсөх юм. 

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон “Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрт 174 аж ахуй нэгжийн 13000 орчим тээврийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Автотээврийн бодлогын баримт бичигт “Байгаль орчинд ээлтэй, сөрөг нөлөөгүй тээврийг нэвтрүүлж, үйл ажиллагаандаа мөрдөнө” гэж заасны дагуу жолоочийн хөдөлмөрийн бүтээмж болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй, нүүрсний жин болон чанар алдагдахгүй байх давуу талтай чингэлэг тээврийн үйл ажиллагааг нэвтрүүлж буй нь нүүрс тээврийн зохион байгуулалтыг шинэ шатанд гаргах эхлэл тавигдаж байна” гэлээ. 

Цаашид нурмаг ачааг аль нэг цэгт буулгахгүйгээр чингэлэгтэй нь өөр тээврийн хэрэгсэлд шилжүүлэн ачиж хилийн боомт хүргэх, улмаар хөрш орнуудын далайн боомтуудад хүргэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд чингэлэг шилжүүлэн ачих терминал, зориулалтын логистикийн төв, гаалийн тусгай гарц, эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх шаардлага тулгарч байгаа гэдгийг албаныхан хэлж байв.

Мөн Технологийн тээврийн хэрэгслийн дугаарыг “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2011 стандартын 5.8.1, 5.8.2-т заасан зөвшөөрөгдөх үзүүлэлтээс дээш үзүүлэлт бүхий ачааны автомашин, чиргүүлд олгоно гэж заасны дагуу тус чингэлэгүүдэд зориулсан хар дэвсгэртэй тусгай номер ашиглах юм байна.