Өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан АТГ-т дуудагдаж мэдүүлэг өглөө. Тэрээр мэдүүлэг өгснийхөө дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. 

Ж.Батзандан хэлэхдээ "2018 оны арванхоёрдугаар сард УИХ-ын 40 гаруй гишүүн санаачилга гарган тухайн үеийн ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой УИХ-д ирсэн 10 гаруй өргөдлийн талаар иргэдийг сонсох нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Уг өргөдөл нь С.Зоригийн хэргийг шалгасан байдалтай холбоотойгоор Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гэр бүлээс ирсэн өргөдөл байсан. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд авч өгөх үйл явцад ТЕГ-ын дарга асан Б.Хурц оролцсон гэдгээ хэвлэлээр хэлсэн байдаг. Та бүхэн үүнийг мэдэж байгаа.

Д.Энхбат гэдэг хүнийг Тагнуулын гурван ажилтан Герман, Францыг дамжуулж Европын холбооны зөвшөөрөлгүйгээр авч ирсэн тухай гэр бүлийнх нь гомдол УИХ-д ирсэн. Мөн Ханбогд кашмер компанийн гэр бүлийн 10 гаруй хүнийг Б.Хурц дарамталж байсан тухай, Татварын ерөнхий газрын Д.Энхбатыг дарамталсан тухай, Тагнуулын газрын ажилтан Цогтбаатарын гэр бүлд Б.Хурц гэдэг хүн дарамт шахалт үзүүлдэг тухай өргөдөл, гомдол ирсэн. 10 гаруй гомдлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-ын таван гишүүн нээлттэй хэлэлцүүлэг хийж ярьсан.

Гэтэл өнөөдөр Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаах албаны дарга Н.Дамдинсүрэн, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалангаас ирсэн бичгийн дагуу Б.Хурцтай болон Эрдэнэтийн 49 хувь, С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудлыг ярьж байгаа гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэхийг ярьж эхэлж байна" гэлээ.