Жюү жицүгийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах 4 дэх удаагийн тэмцээн өнөөдөр Монгол бөхийн өргөөнд эхэллээ.

Монголын Жюү жицүгийн холбооноос эх орондоо анх удаагаа зохион байгуулж буй олон улсын энэхүү тэмцээнд 24 орны 400 гаруй тамирчин иржээ. Тодруулбал, Афганистан, Пакистан, Арабын нэгдсэн Эмират улс, Бахрейн, Бангладеш, Йордан, Иран, Япон, Филиппин, Энэтхэг, БНСУ, Казахстан, Туркменстан, Киргиз, Сингапур, Хонконг, Тайланд, Тайвань, ОХУ-ын тамирчид тэмцээний нээлтийн үеэр өөрийн орны тугаа өргөн жагслаа.

Тэмцээнд мөн нийт 13 орны 19 шүүгч оролцож байна. Манай улсаас гурван шүүгч тэмцээний бүрэлдэхүүнд ажиллаж байгааг тэмцээнийг зохион байгуулагч Монголын Жюү жицүгийн холбооны ерөнхийлөгч Х.Эрдэнбаатар мэдэгдлээ.  

Тэрээр, “Энэ удаагийн АШТ-нд насанд хүрэгчид 331, өсвөрийн насны ангилалд 77, нийт 408 тамирчинNe Waza, Fighting Jiu Jitsu, Contact Jiu Jitsu, Duo Systemгэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөнө. Манай улсаас насанд хүрэгчдийн ангилалд 62, өсвөрийн ангилалд 47 тамирчин бэлтгэл сургуулилтынхаа үр дүнг сорин өрсөлдөх гэж байна. Энэ удаагийн тэмцээнд Азийн улс орнууд шилдэг тамирчдаар багаа бүрдүүлэн ирүүлээд байна” гэв.

 Тэмцээний нэг онцлог нь 2020 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах Өсвөр үеийн Азийн их наадмын тоглолтын төрөлд жюү жицүгийн спорт анх удаагаа орох гэж буйтай холбогдуулан энэ удаагийн АШТ-ээр мөн жюү жицүгийн өсвөрийн насны Азийн аваргыг хамтад нь шалгаруулах гэж буйг тэмдэглэж байв.