БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Монгол Улсад хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” төсөл дуусч, хөгжлийн төвийн барилгыг Монголын талд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр болж өндөрлөв.

Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцож, Монгол Улсад хүлээлгэн өгч буй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин угтан мэндчилж, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын шийдэл, суурилуулсан тоног төхөөрөмж, техник хэрэгсэл зэргийг танилцуулав.

Энэхүү хөгжлийн төв нь БНХАУ-ын Засгийн газрын 35 сая орчим ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар баригдсан бөгөөд БНХАУ-аас Монгол Улсад үзүүлж байгаа тусламжийн ажлуудын хамгийн том хүмүүнлэгийн төсөлд тооцогдож байгаа юм байна.

Мөн 20 мянган метр квадрат газарт 14990 мянган метр квадрат барилга, байгууламж барьж хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. Төв нь 250 ортой, өдөрт энэ хэмжээний өвчтөн хүлээн авах, мөн тооны хүүхдэд гадуур амбулатори эмчилгээ үзүүлэх хүчин чадалтай, хүлээн авах тасаг, нөхөн сэргээлтийн тасаг, нөхөн сэргээлтийн сургалтын төв зэргээс бүрдэх юм байна.

Ингэснээр өдөрт 500 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эцэг, эх, асран хамгаалагчийн хамт сэргээн засах эмчилгээ, сургалтад хамрагдах боломжтой болох аж. Мөн тус төвд хөдөө ороу нутаг, алслагдсан дүүргээс ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг, эхийн хамтаар 14-21 хоногоор хэвтэн эмчлүүлэх, нарийн багажийн шинжилгээ, оношлогоо, сэргээн засах хөдөлгөөн засал, ахуй засал, хэл заслын эмчилгээ, шаардлагатай тохирох эргийн туслах хэрэгсэл буюу протез, ортопед зэргийг хийлгэн авч үйлчлүүлэх юм байна.