Монгол Улсын Гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт WBC бүсний аваргын төлөөх тулааны талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Fox телевизээс бидэнд энэ наймдугаар сарын 3-нд тулааны өдрийг өгсөн. Түүнээс өмнө Монголдоо хэдэн өдөр сайхан амраад авахаар ирлээ. Өрсөлдөгчөө нэлээн судласан. Итгэлтэй байна. Гар нь гэмтэлтэй байгаа учир жилд нэг тоглодог тамирчин гэж сонссон. Хэрэв саналыг хүлээн авбал наймдугаар сарын 3-нд шууд аваргын тулаанаа хийнэ. 2017 онд шөрмөсөө сунгаж маш том гэмтэл авсан. Нимгэн бээлийтэй болохоор гарны гэмтэл хурдан сэдрээд байдаг. Түүнээсээ болж маш олон тоглолтуудыг алгассан. Би нэг л зүйлийг их зорьж байна. Сүүлийн дөрвөн жил олон нийтээс, хэвлэл мэдээллийн хэрэгслээс хол байсан. Учир нь өөрийн зорилгодоо хүрч, дэлхийд хүлээн зөвшөөрөгдмөөр байна.Төгсцогт гэх монгол нэрээ олонд таниулахыг хүссэн. Тиймээс ямар нэгэн багт харьяалагдахгүй байгаа.

Саяхан VENUM спортын брэндтэй албан ёсоор нэг жилийн гэрээ хийсэн. Миний тулаанд зориулж, бээлий, хувцас хэрэглэлийг тусгайлан хийж өгөхөөр болсон. Энэ брэндийн албан ёсны тамирчин гэсэн үг." гэлээ.