Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Урчуудын эвлэлийн шагналт зураач, өнөөгийн шог зургийн ертөнцөд олон залуу зураачийн гарыг ганзаганд хүргэсэн Монголын шог зургийн нэрт мастер Ц.Байдыгийн “Байды юу өгүүлэв...” шог зургийн үзэсгэлэн Олон улсын инээдмийн баярыг угтан Монголын уран зургийн галерейд өнөөдөр нээлтээ хийлээ.

Шог зураг нь тухайн нийгэм, цаг үеийн эмзэг сэдвийг хөндөн, хүн ба хүний амьдралын хөгтэй дүр төрхийг хошин шог хэрнээ, ёж шүүмжлэлт байдлаар илэрхийлж, нийгэм, улс төр, цаг үеийн толь болж байдаг билээ. Энэ үзэсгэлэнд Монголын уран зургийн галерейн алтан сан хөмрөгт хадгалагддаг хуучны зургуудаас гадна сүүлийн үеийн бүтээлүүдийг нэг дор дэлгэн олны хүртээл болгож буйгаараа онцлог юм. 

Гашуун үнэн хийгээд шүүмжлэлд дургүй биднийг өөрсдөөр минь шоолуулдгаараа шог зураг, шог зураач гайхалтай.

Монголын шог зургийн нэрт мастер Ц.Байдыгийн “Байды юу өгүүлэв...” шог зургийн үзэсгэлэн Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн Их танхимд энэ сарын 4-нийг дуустал үзэгч олныг шог зургийн ертөнцөөр аялуулах юм.

"Шог зураг бол нийгмийн эмзэглэл".