Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд өнгөрсөн бямба гараг буюу 9 дүгээр сарын 1-нд нээлтээ хийсэн. Харин өчигдрөөс албан ёсоор хичээлийн хуваарийн дагуу хичээллэж эхлэх учиртай. 

Гэвч нийслэлийн хэмжээнд 12 сургууль ажил хаялт зарлан, сурагчидаа хүлээж аваагүй байна.

Тэдгээр сургуулийн багш нар цалин бага, цалингийн нэмэгдлийн хэмжээ хоёрын хооронд бага байна. Цалинг 50-иас доошгүй хувиар нэм хэмээн үзэж ажил хаялт зарлаад буй юм. 

Ажил хаясан 12 сургууль:

Баянгол дүүргийн 93 дугаар сургууль, "Эрдмийн өргөө" цогцолбор

Баянзүрх дүүргийн 79, 84, 97,102, 120 дугаар сургууль "Амгалан" цогцолбор

Хан-Уул дүүргийн 26, 34, 41, 118 дугаар сургуулиуд тус тус ажил хаялт зарлаад буй юм.

Харин өнөөдөр ажил хаясан дээрх сургуулиудын багш нарыг эсэргүүцсэн ажилгүй багш нарын төлөөллүүд мэдээлэл хийлээ.

Тэд мэдээллийнхээ үеэр "Ажил хаяж буй багш нар хичээлийн шинэ жил эхэлж, хүүхдүүд догдлон баярлаж буй эдгээр өдрүүдэд ажил хаяж буй нь ёс зүйгүй үйлдэл юм. Үүний үр дүнд хүүхдүүд хохирч байна. Багш нар цалингаа нэмүүлэхээр тэмцсэн ч нэгдсэн зохион байгуулалттай тэмцэх хэрэгтэй. 800 гаруй сургуулиас цөөн хэдхэн сургууль ажил хаяж байгаа нь өөр ямар нэгэн зорилго агуулсан байж болзошгүй гэсэн хардлагыг нийгэмд төрүүлж байна. 

Хүүхэд хохироож ажил хаяж буй эдгээр багш нарын оронд ажилгүй багш нарыг ажиллуулах боломжийг төр засаг, холбогдох яамнаас олгож өгөөч. Бид багшийн цалин бага болон бусад нөхцөл байдлыг мэддэг ч энэ мэргэжлээрээ ажиллах чин хүсэлтэй" хэмээн мэдэгдсэн юм.