Үндсэн хуулийн цэцийн гадна талбайд “УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын бүрэн эрхийг сэргээхийг эсэргүүцэж буй "Бандааштай жагсаал” болж байна.

Жагсагчид Үндсэн хуулийн цэцийн хашаанд улаан цэнхэр өнгийн дотуур хувцас өлгөж, "МАН хүчирхийллийг өөгшүүлэхээ зогсоо", "Хүчирхийлэгч дахин УИХ-ын гишүүн болох эрхгүй" гэсэн лоозон барин зогсжээ.

МАХН-аас зохион байгуулсан уг жагсаал судлаач Д.Ганхуягийн гаргасан гомдлын дагуу уг асуудлыг өнөөдөр Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа авч хэлэлцэхээр товлосонтой холбоотой.

Энэ хуралдаанаар Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн УИХ-ын 49 дүгээр тогтоол болон Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэхийг хэлэлцэж, шийдвэрлэх юм.

Хэрвээ цэц Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулах нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзвэл дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэх, цаашлаад Их суудлын хуралдаанаар маргаан өрнүүлэх шаардлага үүсэх юм. Нөхцөл байдал ингэж өрнөвөл Хэнтий аймгийн нөхөн сонгууль ирэх сарын 30-нд зохион байгуулагдахгүй байх боломжтой.