Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр хүндэтгэн дурсдаг юм. Энэхүү өдрийг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүд, Нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлагууд, улс төрийн намын төлөөллүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэдийн төлөөлөл хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

“…Монгол Улсад улс төрийн хэлмэгдүүлэлт нийгмийн бүхий л давхарга, олон түмнийг нийтээр хамарч эхэлсэн 1937 оны есдүгээр сарын 10-ны өдрөөр төлөөлүүлэн жил бүрийн энэ өдрийг Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон улс орон даяар тэмдэглэж байх тухай Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоолын дагуу энэхүү өдрийг 24 дэх жилдээ хүндэтгэн өнгөрүүлж байна” гэж Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос мэдээллээ.

Мөн 36 мянга орчим иргэн хэлмэгдүүлэлтэд өртсөнөөс 31263 иргэний нэр төрийг сэргээж, улс төрийн хилс хэргээр шийтгэгдсэн болохыг тогтоож цагаатгасан байна.

Халуун итгэл цөхөрсөн

Хатан зүрх шархирсан

Хар дарсан жилүүдийг

Хамаг Монголчууд бүү мартагтун!

Хар нулимс хацар зүссэн он жилүүд
Хайлж урсан дахин бүү давтагдаасай
Халуун зүрх цээжин дотор нь өмрөн шархирч
Хайр харууслаар солигдон сэтгэл минь бүү эмтрээсэй

Эрдэмтэй суутай бүхнээ устгасан
Элэг эмтрэм зовлонт түүхийн хуудсууд шарлажээ
Аавгүй ахгүй өссөн хүүхэд бага нас
Эргэж хэзээ ч Монголыг минь айдаст бүү автуулаасай

Хар дарсан зүүд шиг өнгөрсөн үеэ
Мартаж үл болно гэж сануулаасай
Өвгөдийн сүнс өндөр тэнгэрээс шаналан харж
Үр хойчийн эх оронд минь бүү гаргаасай

Гайхалтай шүтээнтэй бүхнээ нурааж дээ
Харц дальдрам хүйтэн жилүүд үнэнд сөхөрчээ
Хүүгүй нөхөргүй үлдсэн гэрүүд
Хээр талдаа голомтоо хэзээ ч хөргөж таслаагүй

Худлын өмнө үнэн хүчгүйтээд
Хуурамчийн өмнө итгэл цөхөрчээ
Хувь заяа гундаж гүйцээд
Хуульгүй төр бусдын эрхэнд байж дээ

Монгол минь хүйтэн өвөлжсөн тэртээх он жилүүд
Монголын минь мартаж болохгүй гэсгээл ч юм уу даа
Сүүдэр нь тусч үл болох хэл соёлыг
Үүрд сануулж ирээдүй цэцэгс тарилаа тэнгэр минь өршөө