Дайчин чанар-Тэсвэрийн талбар "360 талбай"-н нээлт өчигдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон төр, нийгэм, урлаг, спортын салбарын эрхмүүд, иргэд, санаачилан зохион байгуулагч, тамирчид оролцов.

Тус байт харваан талбайг  “360” төслийн хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн хандивын тусламжаар 60 хоногт багтаан барьсан байна. Мөн талбайд геннесийн номд бичигдэхээр том буюу 27:13 метр хэмжээтэй олимпийн цагираг байгуулсан нь байт харвааны төрлөөр Монгол Улс олимпийн медальтай болохыг бэлгэшээж буй аж.

“Дайчин чанар-Тэсвэрийн талбар” гэж нэрлэсэн энэхүү талбайд байт харвааны мэргэжлийн тамирчидаас гадна сонирхогчид сум тавьж, байт харвааны спортоор хичээллэх бүрэн боломжтой гэдгийг нээлтийн үеэр хэллээ.

Монголын хамгийн анхны байт харваан талбай болох уг "360 талбай"-г байгуулахад төрөөс ямар ч хөрөнгө төсөв зарцуулаагүй бөгөөд зөвхөн санаачилагч, зохион байгуулагч, тамирчид, иргэд, аж ахуйн нэгжийн хандиваар маш богоино хугацаанд бүтээн байгуулсан нь онцлог юм. 

Энэ нь иргэд өөрсдөө аливааг санаачилж, тууштай ажиллаж чадвал маш том үр дүнд хүрч болдогийг харуулсан үлгэр жишээ бүтээн байгуулалт боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Байт харваан талбайн нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ:

"Дэлхийн зэвсэг техникийн хөгжилд композит нум буюу эвэр нумыг монголчууд анхлан зохион бүтээж, хэрэглээнд орлуулсан гэж тэмдэглэгдсэн байдаг. Сур харвааг үндэсний уламжал, хэрэглээ болгож байсан үндэстний хувьд байт харвааны спортыг хөгжүүлснээр Монголын анхны Дэлхийн аварга, Паралимпын аварга энэ спортоос төрж байсан билээ.  Аливаа спортоор өндөр амжилт гаргахад гурван суурь нөхцөл шаардлагатай байдаг гэж судлаачид хэлдэг.

Энэ нь уламжлал, сургалт, авьяастан гурав юм.Байт харвааны спортыг хөгжүүлэх энэ суурь нөхцлүүдээс сургалт нь ихээхэн доголдож явсныг өнөөдөр спортод элэгтэй, зүрх сэтгэлтэй хүмүүсийн ачаар нөхөж байна. Энэхүү талбайг бий болгохын төлөө сэтгэл оюун, зүтгэл, хандиваа зориулсан бүх хүмүүст дахин дахин талархал илэрхийлье.

Байт харваачид анх удаа олон улсын стандартад бүрэн нийцсэн, байгаль орчинд ээлтэй шийдэл бүхий бэлтгэл сургуулилт, тэмцээний талбайтай боллоо. Олон нийтийг хоёр сарын турш идэвхжүүлж, урмыг бадраан, сайн сайхан зүйлд уриалан дуудсаар байт харваан “360” талбай сүндэрлэн бослоо" хэмээсэн юм.

Уг төслийг Монголын байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан санаачилан зохион байгуулж, Удирдах зөвлөлийн гишүүн С.Эрдэнэболд нар удирдан ажилласан байна.

"360 талбай"-н нээлтийн ёслолоос гэрэл зургаар хүргэж байна.