Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компанийн шинэ онгоц “Вoeing 737-8МАХ” өнөөдөр Улаанбаатарын цагаар 13.05-д Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.

АНУ-ын Сиэтл хотоос долоон цаг нисч, 9000 гаруй км, агаарын замыг туулж ирсэн шинэ агаарын хөлгийг УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр, ИНЕГ-ын удирдлага, “МИАТ”-ын ажилтан ажилчид, хамт олон цэцгийн баглаа барин угтаж авлаа.

"МИАТ” ХК өнөөдөр хүлээн авсан шинэ онгоцоо 12 жил түрээслэх бөгөөд хоёр дахь онгоцоо ирэх тавдугаар сард хүлээн авах юм. Мөн 2021 онд МИАТ компани том онгоц худалдан авч, хуучин онгоцоо буцаах аж. Ингэснээр паркийн дундаж наслалт 2.4 болж, дэлхийн хамгийн залуу насжилттай авиа компани болж байна.