Бүтцийн шинэчлэлийн хүрээнд хууль тогтоогчдынхоо тоог гуравны нэгээр цөөлөхөөр төлөвлөж байгаагаа Франц улсын Засгийн газар мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг уламжлав.

Мөн тус улс хууль тогтоогчдын 15 хувийг сонгуулийн пропорциональ тогтолцоогоор сонгож байх төлөвлөгөө гаргаад байгаа аж. Эдгээр шинэчлэл нь тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макроны мөрийн хөтөлбөрт тусгагдсан амлалтууд юм. Гэхдээ эдгээр шинэчлэлийг одоо парламентын дээд, доод танхимаар батлуулах ёстой.

Одоогоор тус улсын парламентын дээд танхим буюу Сенатын танхим 348 суудалтай байгаа бол доод танхим болох Үндэсний ассамблей нь 577 суудалтай байна.

Тус улсын Ерөнхий сайд Эдуард Филипп мэдэгдэхдээ “Эдгээр шинэчлэл нь улс болоод парламентын амьдралыг шинэчилж, гишүүдийн үүрэг хариуцлага болоод ажлын үр бүтээмжийг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна” гэжээ.

Харин жижиг намууд эдгээр шинэчлэлийг өөрсдийг нь "шахах гэсэн оролдлого" гэж үзэж байна. 




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг