Францын Дотоод хэргийн яам болон тус улсын цагдаагийн газрын үндсэн гурван үйлдвэрчний эвлэл цагдаагийн ажилтнуудын цалинг 2019 оноос хойш нэмэгдүүлэхээр тохиролцжээ. Энэ тухай Францын Дотоод хэргийн яамны цахим хуудаст мэдээлсэн байна.

Францын цагдаагийн газрын үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд аюулгүй байдлын хүчний зардлыг бууруулах хийгээд хөдөлмөрийн хүнд нөхцөлийг эсэргүүцэхийг хамт олондоо энэ долоо хоногоос эхлэн уриалжээ. Тухайлбал, ажлын цагаар ажлын байрандаа үлдэж, зөвхөн онцгой байдлын үед ажлын байраа орхин явахыг “Alliance Police Nationale” цагдаагийн газрын үйлдвэрчний эвлэл цагдаа нарт уриалсан байна.

Францын Дотоод хэргийн сайд Кристоф Кастан болон Дотоод хэргийн яамны дэргэдэх Төрийн нарийн бичгийн дарга Лоран Нуньес нарын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчидтэй  хийсэн уулзалт өнгөрсөн лхагва гарагийн орой болсон байна.

Цол, ажилласан жилийн туршлагаас нь хамаарч цагдаагийн ажилтнуудын сарын цалинг 2019-2020 оны хугацаанд 120-150 еврогоор нэмэгдүүлэхээр протоколд тусгажээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, РИА Новости