Францын Ерөнхий сайдын мягмар гарагийн өглөө “шар хантаазтнууд”-ын төлөөлөлтэй хийх ёстой байсан уулзалт цуцлагдсан тухай телевизийн “BFM” суваг мэдээлэв.

“Засгийн газрын ордонд хийх ёстой байсан уулзалт болзошгүй аюул заналын улмаас цуцлагдлаа” гэж “шар хантаазтнууд”-ын хэвлэлийн төлөөлөгч Жаклин Моро мэдэгдсэнийг тус суваг уламжилсан байна. Түүний хэлснээр, хөдөлгөөний төлөөлөгчдийг Засгийн газрын ордонд оруулахгүй байхыг уриалжээ.

Францын Засгийн газар уулзалтыг цуцлахыг дэмжиж байгаа аж.

Тус улсад автомашины шатахууны үнийг нэмэгдүүлснийг эсэргүүцсэн иргэд 11 дүгээр сарын дунд үеэс хойш олныг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулж байгаа юм. Эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогсод жолооч нарт зориулсан цацруулагч бүхий шар хантааз өмсөж байгаа учир “шар хантаазтнууд” гэж нэрлэжээ. Өнгөрсөн бямба гарагт Парис хотын төвд олныг хамарсан эсэргүүцлийн арга хэмжээ дахин болж улмаар эмх замбараагүй байдал үүссэн байна.  



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, France-Presse