ПАРИС. /NHK/. Францын Засгийн газар татварыг бууруулж, хот болон орон нутгийн эдийн засгийн ялгаатай байдлыг арилгахаар төлөвлөж байна.


2018 оны 11 дүгээр сард шатахууны татварыг нэмэгдүүлэх тухай Засгийн газрын төлөвлөгөөг эсэргүүцсэн хүмүүс шар хантааз өмсөн орон даяар жагсаал цуглаан өрнүүлж эхэлсний дараа үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулж эхэлсэн билээ.


Улс даяар явуулсан үндэсний хэлэлцүүлгийн үеэр 10 мянга гаруй уулзалтыг зохион байгуулж, Ерөнхийлөгч Эмманюэль Макрон хотуудад зочлох үеэрээ орон нутгийн дарга нар болон иргэдийн үгийг сонсжээ. 


“Хэлэлцүүлгийн үеэр ард иргэд татвар өндөр байгаа болон хот, орон нутгийн эдийн засгийн ялгаатай байдалд бухимдаж явдгаа илэрхийлсэн” гэж Францын Ерөнхий сайд Эдуард Филипп даваа гарагт мэдэгдээд, татварын хэмжээг ойрын хугацаанд бууруулна гэж хэлжээ.


Засгийн газар шатахууны татварыг нэмэгдүүлэх шийдвэрээ өнгөрсөн 12 дугаар сард цуцалсан боловч “Шар хантаазтнууд” долоо хоног тутмын бямба гарагт жагсаал өрнүүлсэн хэвээр байгаа билээ. Гэсэн хэдий ч жагсагчдын тоо 200 мянгаас 20 мянга хүртлээ буурсан юм.  



Одоо Э.Макроны эдийн засгийн шинэ бодлого “Шар хантаазтнууд”-ын жагсаалыг эцэс болгож чадах эсэх нь олон нийтийн анхаарлын төвд байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг