Дэлхий дахин түүнийг эрч хүчтэй, өөртөө итгэлтэй артист байснаар нь мэддэг. Гэхдээ Меркьюри гэдэг нэр олонд танигдахаас өмнө түүнийг мэддэг ганцхан эмэгтэй байсан. Тэрээр Меркьюриг хүнд өвчиндөө бууж өгөх хүртэл орных нь дэргэд сахин, асарч байсан аж. Мэри Остин бол Меркьюригийн хууль бус эхнэр, бас цорын ганц найз юм. 

Энэхүү нийтлэл нь тэдний хайр болон энгийн нэг охин, дэлхийд алдартай дуучин хоёрын гүнзгий нөхөрлөлийн тухай түүх юм.


Эхлэл


Мэри Остин, Фредди Меркьюри нар сайхан хувцаслах дур сонирхолынхоо ачаар танилцжээ. Мэри нь Biba гэж нэрлэгдэх Лондон дахь хувцасны дэлгүүрт ажиллаж байх үеэр, Фрэдди Кенсингтоны зах дээр найз Рожер Тэйлор (Queen хамтлагийн бөмбөрчин) -тэй хамт хуучин хувцас зардаг байв. Тэр үед Фредди Меркьюри нь ихэнх хүмүүсийн хувьд хэн ч биш байсан үе юм.

Мэри Остин нь дүлий, хэл ярианы бэрхшээлтэй гэр бүлд төрсөн бөгөөд эцэг эхтэйгээ дохионы хэлээр харилцдаг байв. Өөрөөр энэ гэр бүлд бусдаас ялгарах зүйл байсангүй. Жижиг, эмзэгхэн тус охин ирээдүйн рок одын анхаарлыг шууд татжээ. Гэхдээ тэднийг танилцах үед 24 настай Фредди урт үстэй, цочирдом хувцаслалттай байсан нь түүнд бага зэрэг сүрдэх бас ичих мэдрэмж төрүүлсэн байна.

Тэр үед тэд сүмийн хулганууд шиг ядуу байсан бөгөөд тэдний романс бусад хосуудын харилцаатай төстэй байсан аж. Тэд дуу хөгжим сонсон, хамтдаа удаан алхахаас өөр зүйл хийх боломж байсангүй. 1970-аад онд Лондонд хөгжмийн ертөнцөд цойлон гарч ирнэ гэдэг бол тэнгэрээс од шүүрэхтэй адил байсан аж. Учир нь бие биетэйгээ төстэй хэдэн мянган уран бүтээлч өрсөлдөж байв.


Алдар хүндэд хүрэх замнал


Хэдэн сар болзсоны дараа залуу хосууд зай багатай жижиг сууцанд хамт амьдрах болжээ. Үүнээс удалгүй домог болсон “Queen” хамтлаг дэлхийг байлдан дагуулахаар гарч ирсэн юм. Гэсэн хэдий ч тухайн үед үүнийг хэн хэн ч таамаглаагүй учраас хосууд энгийн амьдралыг дагажээ. Фредди дуугаа бичин, Мэри түүнийг урамшуулан дэмждэг байсан аж.

“Queen” хамтлаг анхны альбомоо 1973 онд гаргасан нь амьдралд нь өөрчлөлт авчрах анхны алхам болсон юм. Тэд удалгүй Лондонгийн хамгийн нэр хүндтэй дүүрэгт байр худалдан авчээ. Энэ үедээ Фредди “Love of my life” дууг Мэрид зориулан бичиж, гэрлэх санал тавьсан байна. 

Фредди ээж Жер Булсарадаа Мэриг танилцуулсан ба ээж нь түүний сонголтыг маш баяртайгаар хүлээн авчээ. 

Тэднийг гэрлэн, хүүхэдтэй болохыг мөрөөдөж байсан ч энэхүү мөрөөдлийн хурим хэзээ ч болоогүй. Тэдний сүй 3 жил үргэлжилсэний эцэст хосууд салсан байна.

Хамтлагийн анхны цомгийн дараагаар тэд жилийн зайтай 2 ч цомог гаргажээ. “Queen” дэлхий дахинд маш алдартай болжээ. Фредди олон шинэ фенүүдтэй болов. Харин Мэрид Фреддигийн шинэ ертөнц хачирхалтай санагдаж эхэлжээ.


Тусдаа амьдарч эхлэв

Фредди оройтож гэртээ ирэх болж тэдний харилцаа ч бүдгэрч эхэлсэн байна. Хэсэг хугацааны дараа Фредди уламжлалт бус бэлгийн чиг хандлагатай болохоо Мэрид хүлээн зөвшөөрчээ. Тэд үргэлж бие биетэйгээ шударга байж, маргаанаас зайлсхийхийг хичээдэг байсныг Мэри хожим нь дурсан ярьжээ. Тэдний хайрын түүх дуусгавар болсон ч рок од болон энгийн охин хоёрын нөхөрлөл насан турш үргэлжилсэн аж.

Тэд салсан ч Фредди, Мэриг өөрөөс нь холдолгүй амьдрахыг ятгасан ба бие биенээсээ хэдэн алхамын зайтай амьдрах болжээ. Мэри түүний туслахаар нь ажиллан, концерт болон аялан тоглолтод нь дагалдан явах болсон байна. 

Мэри Остин Фреддитэй адил хувийн амьдралтай байсан бөгөөд хоёр хүүхэд гаргасан ч хүүхдүүдийнхээ эцэгтэй гэрлээгүй аж. 

 

Улмаар Фредди, Мэригийн том хүүгийнх нь загалмайлсан эцэг болжээ. Тухайн үед Фреддиг хэдий олон фенүүд хүрээлж байсан ч тэрээр цөхрөлтгүй хайрыг хүсэмжилж байсан ба халуун дулаан, дэмжлэг хэрэгтэй үед Мэриг  зорьдог байжээ.


Өвчлөл, түүхийн төгсгөл 

1991 онд Фредди хараагүй болж бараг хэвтэрт оржээ. Тэр эм уухаа зогсоож, амьдралынхаа төлөө тулалдахаас татгалзав. Мэри, Жим хоёр түүнтэй хамт байсан ба хуучны үеэ дурсан хамтдаа уйлж, дуулж, хөгжилддөг байв. 

Фредди 1991 оны 11дүгээр сарын 24-нд нас баржээ. Тэрээр өөрийн хөрөнгийн дийлэнх болох хөгжмийн орлого (одоо болон ирээдүйд), “Garden Lodge” нэртэй орд харшийг Мэрид өвлүүлэн үлдээжээ. Хамгийн чухал хэсэг нь Фредди өөрийн чандарыг нууцаар цацахыг Мэрид даалгасан нь таниж мэдэхгүй хүмүүс түүний эцсийн алжаах газрыг сэвтүүлэхгүй байхыг хүссэн аж. 

Мэри чандарыг нь хоёр жилийн турш хадгалан дараа нь хүсэлтийг ёсоор болгожээ.

Мэри Остин  2018 онд 67 нас хүрсэн ба Фреддигийн харшид амьдран, сэтгүүлч нартай уулзахаас татгалздаг байв. Тэрээр “Bohemian Rhapsody” киноны зураг авалтад биечлэн оролцох урилгыг хүлээн аваагүй ч киноны скриптийг уншин, зөвшөөрөл олгосон байна. 

Фреддигийн фенүүд дэлхийн олон орноос Лондонг зорин очиж “Garden Lodge” харшийн гадаа цэцэг, түүнд зориулан бичсэн шүлэг, зурсан зургаа үлдээдэг. Фреддигийн ээж болон эгч нь Мэрид найрсаг ханддаг бөгөөд гэр бүлийнхээ нэгэн гишүүн гэж авч үздэг байна.

Эх сурвалж: brightside.me