Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойн өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотын анхны шав тавьсан газар “Мэлхийт” хөшөө, “Монголын нууц товчоо"-нд хүндэтгэл үзүүлэх, “Нийслэлийн сүлдэт морин хуур”-ыг цэнгүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Тус хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай”, “Уртын дуугаа өвлөн дэлгэрүүлэх”, ”Монголын нууц товчоо”-гоо мөнхөд эрхэмлэн дээдлэх зарлигийн дагуу Нийслэлийн ойн өдөр Нийслэлийн төр захиргааны байгууллагаас уламжлал ёсоороо хүндэтгэл үзүүлэв.

Мөн ойг тохиолдуулан дээрх ёслолын ажиллагааг үргэлжлүүлэн Төрийн болон Нийслэлийн далбааг Сүхбаатарын талбайд мандууллаа.

Ёслолын ажиллагаанд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон нийслэл хотын үе үеийн удирдлагууд оролцов.

Далбааг мандуулах ёслолд Улаанбаатар хотын цэргийн хүрээний ёс жухам сахиулах ангийн Хүндэт харуулын анги, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, найрал дуучид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо.