Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Номуундарь хар тамхи, хүчингийн хэргийн талаар цахим хуудсаараа мэдээллэж, нийгэмд нэлээд шуугиан тариад байгаа. Баячуудын хүүхдүүд гэмт хэрэг үйлддэг, түүнийг би баримттай мэдээллэнэ хэмээн мэдэгдсэн Г.Номуундарь охины өмгөөлөгчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч Р.Булгамаа "Хэргийг мөрдөн шалгах Ажлын хэсэгт байгаа цагдаагийн зарим алба хаагч гэрчүүдийг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1.2.5-д "...өмгөөлөгч нь өмгөөлж байгаа сэжигтэн, хохирогч, яллагдагч, шүүгдэгч, ялтны, эсхүл өөрийнхөө хүсэлтээр хийгдэж байгаа мөрдөн шалгах ажиллагаанд байлцаж, аль ч үед асуул тавих, хүсэлт гаргах эрхтэй" гэж заасныг зөрчин, өрөөндөө байсан боловч байхгүй гэж жижүүр цагдаагаар худлаа хэлүүлж, утсаа унтрааж байгаад гэрчүүдийг байцаасан хууль бус үйлдэл гаргасан. Иймд гэрчүүдээс хуулийн дагуу, үнэн зөв мэдүүлэг авсан эсэхэд эргэлзээ төрж байна. Хууль зөрчин өмгөөлөгчийг байлцуулахгүй гэрчүүдийг байцаасан албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, Аюулгүй байдлын хэлтэст гомдол гаргаж шалгуулна. 

Мөн Г.Номуундарийн бичлэгтээ ярьсан газар, цаг хугацаанд хэрэгт холбогдсон этгээдүүд, тухайн нэр нь дурдагдсан хүүхдүүд байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон. Гэтэл цагдаагийн байгууллага өнөөдрийг хүртэл эрүүгийн хэрэг үүсгээгүй, эрэн сурвалжлаагүй, хэрэгт холбогдогчийг авчрах тухай арга хэмжээ аваагүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байна" гэв. 

Өмгөөлөгч н.Чулуунцэцэг "Хүчирхийллийн хэрэгт холбогдсон хоёр этгээдээс өнөөдрийг хүртэл цагдаагийн байгууллага ямар ч мэдүүлэг аваагүй байна. Холбогдох төрийн байгууллага хилийн хориг тавиагүйгээс гэмт этгээдүүд оргон зайлсан байж болзошгүй.  Тиймээс Цагдаа болон Прокурорын байгууллагаас гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж, авчирч байцаалт авч, эрүүгийн хэрэг үүсгэж уг хэргийг мөнгөний болон бусад нөлөөнд авталгүйгээр шударгаар, хуулийн дагуу шалгаж, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хариуцлага хүлээлгэхийг хүсч байна. Мөн Г.Номуундарь охиноос цусны шинжилгээ авахад хар тамхи хэрэглэж байгаагүй нь тогтоогдсон бөгөөд Г.Номуундарь Монголдоо байгаа" хэмээн мэдэгдлээ.