Улаанбаатар хот нь дэлхийн 40 гаруй хотуудтай Ах дүүгийн болон найрамдалт харилцаатай хамтран ажиллаж, харилцан туршлага судалж, олон үйл ажиллагааг хамтран зохион байгуулдаг. Үүний нэг нь нийслэлийн Засаг даргын Тамгын газраас сүүлийн 10 гаруй жил харилцаат хотуудтай хамтран зохион байгуулж байгаа “Сурагч солилцооны хөтөлбөр” юм. Энэ жилийн ээлжит хөтөлбөр нь долоодугаар сарын 23-30-ны хооронд зохион байгуулагдана.

Өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан Улаанбаатар хоттой найрамдалт харилцаатай хамтран ажилладаг багш, сурагчдын таөлөөллийг хүлээн авч уулзлаа.

БНХАУ-ын Хөх хотоос 13,  БНСУ-ын Намянжү хотоос 16, Тайландын Вант Улсын Бангкок хотоос 13, нийт 42 төлөөлөгч Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байгаа юм.

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Энэ жил 3 улсын 3 хотын нийт 42 төлөөлөгчийг нэг хугацаанд хүлээн авч, томоохон арга арга хэмжээ зохион байгуулж байгаа нь Монгол Улсын түүх, соёл, ёс заншлыг дэлхий нийтэд сурталчлахаас гадна өөр өөр хэл, соёлтой хүүхдүүд манай улсад ирж танилцах, найз нөхөд болох, харилцан түүх соёл, ёс заншлаас суралцах сайхан боломж бүрдэж байгааг дурдахад таатай байна.

Энэ жилийн сурагч солилцооны хөтөлбөрт монгол соёл, ёс заншил болох эрийн гурван наадам, монгол хоол, үндэсний урлагийн тоглолтуудыг хөтөлбөрт түлхүү оруулж өгсөн" гэдгийг онцлон хэллээ.

Улаанбаатарын хүүхдүүд ирэх наймдугаар сарын дундуур Эрхүү, Хөх хот, 11 дүгээр сард Намянжү, ирэх оны нэгдүгээр сард Бангкок руу сурагч солилцоогоор зочилон очих аж.