Дэлхийн хамгийн их гамшигт өртөмтгий бүс нутгийн Засгийн газрын гишүүд гамшгийн хохирлыг бууруулахад гарсан ахиц дэвшлийн талаар зөвлөлдөж, бүс нутгийн тогтвортой ирээдүйн хүчин чармайлтыг түргэсгэх, гамшгаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг хэлэлцэхээр ирэх  7-р сард Монгол Улсад чуулна. 

“Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх: Тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриан дор Монгол Улсын Засгийн газраас, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай (НҮБ ГЭБГ) хамтран 2018 оны 7-р сарын 03-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах юм. 

Ази, Номхон далайн бүс нутагт 1970-2016 онд гамшгийн улмаас 1.3 их наяд ам.долларын хохирол амссан гэсэн тооцоо байна. 2017 онд 200 гаруй томоохон хэмжээний гамшигт 66.7 сая хүн өртсөнөөс 6,543 нь амь насаа алджээ. Ядуурал, уур амьсгалын өөрчлөлт, хурдацтай хотжилтын улмаас бүс нутгийг хамарсан гамшгийн эрсдэл нэмэгдэж, энэ нь ган гачиг, үер, хар салхи, газар хөдлөлт, дулааны агаарын урсгал зэрэг байгалийн гамшгийн бүх хүрээг хамарч байна.

“Улаанбаатарын тунхаглал”-ыг батлах болон оролцогчдын сайн дурын амлалтыг авах зорилготой энэхүү хуралд ойролцоогоор 3000 гаруй төлөөлөгчид оролцоно хэмээн тооцоолж байна. Мөн бага хурлын онцлог нь үндэсний, орон нутгийн болон олон нийтийн түвшинд гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлсэн амжилтын түүхээс танилцуулах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн дэлгэцийн бүтээлийн уралдаан юм. 

Бага хурлыг хэд хэдэн түнш байгууллагууд дэмжин ажиллах ба сайд нарын, техникийн болон сэдэвчилсэн уулзалт, тусгайлсан арга хэмжээ, олон нийтийн форум зэрэг арга хэмжээнүүд бага хурлын үеэр зохион байгуулагдана.