Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлын хүрээнд олон нийтэд зориулан  Олон улсын үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин “Энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь шинжлэх ухаан, техник, технологийн хөгжлийн чиг хандлагыг гамшгийн эрсдэлийг бууруулахад хэрхэн ашиглаж байгаа, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр улс орнуудын олсон амжилт, Ази Номхон далайн бүс нутгийн улс орнуудын түүх, соёл, уламжлал, хөгжил зэрэг олон асуудлаар харилцан мэдээлэл, туршлага солилцоход оршиж байгаа  юм” гээд, “Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, туршлагууд миний анхаарлыг их татлаа” хэмээн онцлов.

Үзэсгэлэнг Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцож байгаа 49 улс орон, олон улсын байгууллага гамшгийн эрсдэлийг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа өөрсдийн бүтээлээр дамжуулан олон нийтэд хүргэж буй юм.