Та хайр дурлалын хамтрагчаасаа юу хүсдэг вэ? Байгальд хайртай байхыг уу? Том, эршүүд гар уу? Сагсанбөмбөгийн шүтэн бишрэгч байхыг уу? 

Plenty of Fish нэртэй болзох хос хайдаг аппликэйшнаар дамжуулан мэргэжилтнүүд ганц бие 2000 хүнд судалгаа хийжээ. Ингэхэд ганц бие хүмүүсийн дийлэнх нь хайр дурлалын харилцаанаас “тааламжтай харилцан яриа” өрнүүлэхийг л хүсдэг гэж хариулсан байна. 

Бодит байдалд таны бодож байснаас гүн гүнзгий зүйл хүсэж байна уу? Нийгэм бидэнд бусдын анхаарлыг татахын тулд Кардашианыхан шиг өгзөгтэй, зургаан толгой булчинтай, хүнд гологдохооргүй царайтай байх хэрэгтэй гэсэн хиймэл хүлээлт суулгасан. Үнэн хэрэгтээ хүмүүс илүү хуучинсаг, алтан үеийн хамгийн романтик кинонд гардаг шиг л зүйл хүсдгийг судалгаанаас харж болохоор байна. 

Магадгүй бид фэйсбүүктээ хэдэн мянган найзтай, инстаграмдаа олон арван мянган дагагчтай, араас гүйдэг арав гаруй охин, залуутай байлаа ч сэтгэлдээ нэг л хоосон байдаг байх. Мөнгө төлөөд авч болдоггүй сэтгэлийн амар амирлангуйг өөр хэн нэгнээс эрдэг байх.

Ямартай ч судалгаанд оролцсон хүмүүсийн 58 хувь нь дүрмийн алдаатай бичдэг хүнтэй харилцах нь муу сексээс ч дор гэж хариулжээ.

Болзооны эхэн үед харилцан яриа хамгийн чухал байдаг гэнэ. Тодруулбал, судалгаанд оролцогсдын 60 хувь нь ганц удаа, сэтгэлээ онгойтол, санаа нийлж ярилцахад л сэтгэл алдрах боломжтой хэмээсэн байна. Мөн ганц бие 2000 гаруй хүмүүсийн 87 хувь нь хэн нэгэнтэй сэтгэлээ онгойтол ярилцсаны дараа тухайн хүний дур булаам чанарыг илүүтэй олж хардаг аж. 

Харилцан яриа ийм чухал юм бол ярианы сэдэв ч дутахааргүй ач холбогдолтой байж таарна. Plenty of Fish-ийн судалгаанаас үзвэл улс төр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний жиргээнүүдийн талаарх яриаг хамгийн уйтгартай, залхмаар гэж хариулжээ. 

Та гайхаж магадгүй. Гэхдээ хоолны дэглэм, авокадотой, цөцгийтэй шарсан талх, мянганыхан ба бусад үеийнхэн, биеийн жингээ барих, эрүүл амьдрах талаарх яриа ч дутахааргүй залхуутай санагддаг аж. 

Мөн улс төрийн байр суурь, үзэл бодол таардаггүй хүнтэй яриа ч өддөггүйгээ судалгаанд оролцогсдын 59 хувь нь илэрхийлсэн байна. 

Гэхдээ энэ бол ганц бие хүмүүсийн романтик харилцааны эхэн үед л ач холбогдол өгдөг зүйлс юм. Тэгэхээр хэн нэгэн танд таалагдаж, хоёр, гурав дахь болзоонд уримаар байгаа бол эдгээр зүйлсэд анхаарах хэрэгтэй гэсэн үг.