Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулга энэ сарын 24-ний өдөр болох гэж байна. Тус чуулганы ерөнхий чиглүүлэгч Techstars-ийн Ази, Номхон далай хариуцсан салбарын захирал Д.Бат-Октябрын Biznetwork, Singleton-ны үүсгэн байгуулагч Dell EMC компанид ажиллаж байгаад хэдхэн сарын өмнө Монголдоо Анд Глобал компанид ажиллахаар ирээд байгаа В. Баярсайхантай ярилцсаныг тоймлон хүргэж байна.

1.Өсөх хандлага буюу 18 мянган төгрөгийн хичээл

Дунд сургуульд байхдаа би Дорнод аймгаас Монтуркд сурахаар ирж англи хэлний шалгалт өгөөд нэлээд доогуур байранд орчихсон юм. Эхний хичээлийн жил дуусаад харих үед гэрээс замын зардал гэж 20000 төгрөг ирэв. Энэ мөнгөөр фургонд суугаад явах эсвэл бодсон зүйлээ аваад ачааны машинд дайгдах гэсэн хоёр сонголттой. Харин миний толгойд жилийн хугацаанд англи хэлээ сайжруулах ёстой гэсэн бодол эргэлдэж байв. Иймээс төв шуудангийн урдаас 18000 төгрөгөөрөө англи хэлний ном аваад үлдсэн 2000 төгрөгөөр ачааны машины дээр суугаад явж билээ. Зуны амралтаараа нөгөө авсан номоо эрээчиж сараачин хэрэндээ л зууралдсан минь үр дүнгээ өгсөн шүү. Намар хичээл эхлэхэд миний хэлний төвшин сургуулиа төлөөлж олимпиадад оролцох хэмжээнд хүрчихсэн байв.

Тэр үед би хэрвээ хичээвэл болох л юм байна гэдгийг ойлгосон. Эргээд бодоход энэ нь ӨСӨХ СЭТГЭЛГЭЭ юм байна. Чи ангийнхаа тааруу нь байж болох ч зүтгээд үз.  Морь шиг төрхөөсөө заяасан цусны зүйл гэж байхгүй. 

2. Мөнгө олох болон өөрийгөө хөгжүүлэх боломж ямар их юм бэ

Би Туркэд их сургуулиа төгсч Монголд ирээд компаниудтэй уулзаад жижиг халтуурын ажил, веб хийдэг эсвэл тендерийн ажил "цохидог" байв.

 Нэг өглөө зам дээр түгжрээд явж байхдаа ер нь яагаад ингэж амьдрах ёстой юм бэ гэж бодсон. Ингээд ажил руугаа биш гэр рүүгээ буцаад очоод Notebookee нээгээд дэлхийн шилдэг 100 сургуулийг хайж эцэст нь нэгийг нь сонгоод аппликэйшин бөглөв. Жилийн 100 мянган долларын төлбөртэй сургуульд шүү дээ. 

Тэр үед хадгалсан 20 мянган доллартой. Гэвч  иймхэн мөнгөөр тэр сургуулийн төлбөрийн хаана хүрэх билээ. Гэвч сургуульдаа тэнцээд болно бүтнэ гэсэн бодлоор хамаг мөнгөө эхний улирлын төлбөртөө өгөөд эхэлсэн. 

Хамаг мөнгө тушаачихсан би боломж хайгаад бүх профессороосоо танд багшийн туслах хэрэгтэй юу гээд асууна бас чаддаг зүйлээ хийе гээд Craigslisteeр баахан ажлын аппликейшин бичсэн.

Гайхалтай нь хайгаад ухаад эхлэнгүүт боломжууд тодорч ирэв. Мөнгө олох болон өөрийгөө хөгжүүлэх боломж ямар их юм бэ гэдгийг тэр үед олж харсан. Хэрвээ би Монголд байсан бол энэ бүх боломжийг олж харж,гартаа авч авахгүй байсан биз ээ. Тийм болохоор хүн санаж сарвайх юм бол боломж үргэлж эргэн тойронд нь бийг ухаарсан.

3. Хамтран ажиллахад дургүй хүн гэж байх ёсгүй

Би хамтран ажиллахдаа "дургүй хүн" гэж байх ёсгүй гэсэн заримыг баримталдаг. Үүнийг үнэхээр мах цусандаа шингэтэл ойлгосон. Өмнө нь би ганцаараа яваад хаа хүрэхээ харсан, мэдэрсэн. Яг үнэндээ дэлхийн том компаниуд жишээ нь Facebook-ийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг яриад байгаа болов ч ард нь маш олон хүмүүс ажиллаж байгаа.  Үнэхээр хол явъя том зүйл хийе гэж зориж яваа бол өөрөөсөө ялгаатай ур чадвартай мундаг хүмүүстэй хамтрахаас өөр арга байхгүй.

Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганы хөтөлбөр: