Ганцаардах, сэтгэл гутралд орох мэдрэмжийг хүн бүр мэдэрч байсан байх. Орчин үед хүмүүс ухаалаг төхөөрөмжний цаанаас харьцах нь ихсэж, амьд харилцаа багассан тул бусдаас тусгаарлагдсан, ганцаардсан мэт санагдах болжээ. Үүн дээр нэмээд ажил дээр эсвэл хувийн амьдралд учрах асуудлууд гарч ирснээр гарах гарцгүй болсон мэт мэдрэмж төрөх нь олонтаа. 

Гэсэн хэдий ч ямар ч хэцүү байдлаас гарах гарц байдаг. Үүний тулд жижиг алхмаас эхлэх хэрэгтэй. 


1. Хайртай, дотны хүмүүстэйгээ харилцаатай бай 

Та бусдаас тусгаарлагдсан мэт санагдаад байвал энэ нь үнэн ч байж мэдэх юм. Иймээс найзууд, гэр бүлийнхэнтэйгээ цагийг хамт өнгөрүүлж, бүх зүйлсийн талаар ярилцаарай. 

Бусад хүмүүстэй харилцаж, ярилцах нь бидний сэтгэл санааны эрүүл мэндэд тустай байдаг нь судалгаагаар нотлогдсон. Хэн нэгэнтэй хамт хоолонд орох эсвэл утсаар ярих нь таны сэтгэл санааг хэчнээн их өргөнө гээч. 


2. Ганцаараа байхаас эмээх хэрэггүй 

Ганцаараа байхаасаа эмээх хэрэггүй. Өөрөө өөртэйгөө цагийг сайхан, тухтай өнгөрүүлж сурах нь чухал. Ялангуяа та бие махбодийн хувьд бус сэтгэл санааны хувьд бусдаас тусгаарлагдах хандлагатай байдаг бол энэ арга танд туслах болно.

Өөрийгөө олохын тулд бусдын тусламжийг авах хэрэгтэй гэж ихэнх хүмүүс боддог. Үнэндээ тийм биш юм. Хүн бүр – тус тусдаа бүрэлдэж, өсөж, бий болсон хувь хүмүүс. Иймээс бусдад хэт их найдах нь буруу бөгөөд олон асуудал үүсгэж орхидог. Зарим үед та өөрөө өөртөө үнэ цэнэтэй гэдгээ сануулах хэрэгтэй ба зөвхөн та өөрөө л өөрийгөө аз жаргалтай болгож чадна гэдгээ мартаж болохгүй. 



3. Өөрчлөлтийг бага багаар хий 

Өөрчлөлт бүр гэнэтийн, огцом байх албагүй. Өөрчлөлт дэвшлийг аажим аажмаар шат дараатай хийх нь чухал. Иймээс ганцаардах, сэтгэл гутрах мэдрэмжүүд нэг л өдөр алга болчихоно гэж бодох хэрэггүй. Том өөрчлөлт гэдэг бол олон удаагийн жижиг өөрчлөлтүүдийн нийлбэр юм. Иймд багаас эхэлж, зөвхөн урагш алхаарай. 

Та бүх цагийг гэртээ өнгөрүүлээд дасчихсан бол хааяа хааяа гадагш гарч салхилж, цэвэр агаар амьсгалж болно. Хэрэв та буруу хооллодог бол хамгийн багадаа долоо хоногт 1 удаа зөв зохистой хооллоно хэмээн өөртөө амлалт өг. Иймэрхүү жижиг өөрчлөлтүүд аяндаа үржигдсэнээр таны сэтгэл санааны байдал дээшилж, өөртөө итгэлтэй байдал нэмэгдэх болно. 


4. Хоббигоо ол 

Сэтгэл гутрал гэх өвчний үед илрэх нэг шинж тэмдэг бол өмнө нь сонирхолтой санагдаж байсан бүхэн сонирхол татахаа болих байдаг. Танд ч бас ийм шинж тэмдэг ажиглагдаж байвал энэ хоосон орон зайг ямар нэгэн шинэ зүйлээр нөхөх хэрэгтэй. Шинэ хобби олох амаргүй ч амьдралын амтыг ахин мэдрэхэд туслах гол хэрэгсэл тул хичээгээрэй. 

Ганцаардаж, гуниглаж суухын оронд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлснээр сэтгэл санааны байдлаа өөдрөг байлгаж чадна. Ур чадвараа улам сайжруулж эсвэл хуучны сонирхолоо сэргээж, шинэ зүйл туршиж болно. Мөн та найз нөхөд багатай бол энэ нь шинэ хүмүүстэй танилцах сайхан арга юм шүү. 


5. Найз нөхөдтэй бол 

Сэтгэл гутралыг даван туулах нэг арга бол шинэ хүмүүстэй танилцаж, нөхөрлөх байдаг. Өөрийгөө бусдаас тусгаарласнаар улам л их ганцаардаж, гутранги байдалтай байх болно. Ярилцаж суух найз нөхөд хомс байгаа бол шинэ хүмүүстэй танилцах хэрэгтэй. 

Нас биенд хүрсэн хойно шинэ найзтай болно гэдэг хэцүү. Айдас, ичих мэдрэмжээ дарахын тулд ямар нэгэн сургалт, дамжаанд явж болно. Ижил зорилго, сонирхолтой хүмүүс таныг илүү сайн ойлгох магадлал өндөр. Иймээс олны дунд орж, шинэ танилуудтай болоорой. 

Ганцаардал, сэтгэл гутралыг даван туулах амаргүй ч, боломжгүй зүйл бол биш юм. Дээрх аргуудыг туршиж үзэхээс гадна шаардлагатай тохиолдолд мэргэжлийн хүнд хандаж зөвлөгөө авах хэрэгтэй гэдгийг санаарай.